БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД “МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ТАСАГ” ШИНЭЭР БАЙГУУЛАГДЛАА

2018-02-23  

Монгол анагаах ухаан нь олон мянган жилийн түүхтэй, Монгол үндэстний баялаг өв, уламжлалт соёл юм. Өв соёлоо уламжлан хөгжүүлж авч явах нь үе үеийн ард түмний үүрэг байдаг.  Монгол хүн бүр эрүүл, аз жаргалтай амьдрахын тулд идэвхитэй хөдөлгөөн, эрүүл хоол хүнс хэрэглэж, Монголынхоо цаг агаар, хүнийхээ онцлогт тохирсон эм, эмчилгээгээр үйлчлүүлэх нь  чухал. Сүүлийн үед амьдралын буруу хэвшил, хөдөлгөөн дутагдал нийгмийн сөрөг нөлөөлөл зэргээс үүдэлтэй мэдрэлийн гаралтай нурууны суулт, шохойжилт гэх мэт өвчлөл нэмэгдэж, хүн амын дунд ихээхэн тохиолддог өвчлөлөөр тархины цус харвалт нэрлэгдэж байна. Иймд иргэдэд Монгол анагаах ухааны тусламж үйлчилгээгээр эмчлэн эрүүлжүүлэх зорилгоор Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд “Монгол анагаах ухааны тасаг” шинээр байгуулагдаж үүд хаалгаа нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Багануур дүүргийн засаг дарга Ц.Сандаг-Очир, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Цэнджав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов.



Багануур дүүргийн засаг дарга Ц.Сандаг-Очир: "Нийслэлийн есөн дүүргээс анх удаагаа хэвтэн эмчлүүлдэг үйлчилгээтэй Монгол анагаах ухааны тасаг шинээр байгуулагдан, иргэдэд үйлчилж эхэллээ.

Багануур дүүргийн тухайд зүрх судасны өвчний өвчлөлийн гаралт ихтэй дүүрэгт тооцогддог. Мөн стрессээс үүдэлтэй өвчлөл болон мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчлөл сүүлийн үед зонхилох хандлагатай байна. Үүний зэрэгцээ манай дүүрэгт үйлдвэрийн газрын ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчин, харвалт их байгааг эмч нар маань хэлж байна. Тэр болгонд сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээнүүд шаардлагатай байдаг.  Энэ хэрэгцээг хангахад шинээр байгуулагдаж байгаа энэхүү тасаг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна" гэв.



Энэ үеэр НИТХ-н төлөөлөгч Д.Мөнхжаргал шинээр байгуулагдсан уламжлалт анагаах ухааны тасагт нэг бүр нь 400 мянган төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг цахилгаан зүүний аппаратыг бэлэг болгохын зэрэгцээ цахилгаан төөнүүр авахад нь 1,6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.

2017 онд НИТХ төлөөлөгч, нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал Нийслэлийн 9 дүүргийн Монгол уламжлалт анагаах ухааны 26 эмчийг ӨМӨЗО-нд мэргэжил дээшлүүлэх сургалтанд явуулсаны эхний үр дүн гарч, энэхүү Монгол анагаах ухааны тасаг нээгдэж байгаад тус тасгийн ерөнхий эмч талархал илэрхийллээ.

Уг тасгийн хамт олон цаашид НЭМТөвтэй хамтран иргэдийг өвдсөн хойно нь эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг байх тал дээр анхаарал хандуулан ажиллана гэдгээ илэрхийлж байв. Түүний тулд идэвхитэй хөдөлгөөн, эрүүл хоол хүнс хэрэглэж, амьдралын зөв хэвшилээр амьдрах нь чухал гэдгийг мөн онцлов.



НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал: "Багануур дүүрэгт хэвтэн эмчлүүлдэг монгол анагаах ухааны тасаг шинээр нээгдэж байгаад баяртай байна. Монгол анагаах ухаан гэдэг бол манай улсын нэг том брэнд болж хөгжих ёстой. Монгол анагаах ухаан сүүлийн үед европын орнуудад эрчимтэйгээр дэлгэрч байгаа. Европын 15 улсад түүн дотроо Польш улсад монгол анагаах ухааны чиглэлээр 100 гаруй эмч нар ажиллаж байна. Тиймээс бид Монгол анагаах ухааны эмчилгээний тасгийг цаашдаа дүүрэг бүрт хэвтэн эмчлүүлэх тасаг хэлбэрээр нээж ажиллалуухыг бодлогоор дэмжин ажиллана. Монгол хүн эрүүл саруул байж, эх орноо хөгжүүлэх болно" гэлээ.



Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Шинэбаяр: "Энэхүү тасгийг нээхэд гүн туслалцаа үзүүлж, туслаж дэмжсэн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Төлөөлөгч Д.Мөнхжаргал болон хамт олондоо талархаж байна. Монгол уламжлалт анагаах ухаан цаашдаа дэлхийн бренд болоход бидний хийж хэрэгжүүлж, эхлүүлж  байгаа энэхүү үйл хэрэг түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

Сэргээн засах тасаг маань 2016 онд 10 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан. Эрэлт хэрэгцээ ихтэй байсан учраас өнөөдрийн байдлаар энэхүү тасаг маань 26 ортойгоор Монгол анагаах ухааны тасаг болон өргөжиж, Монгол тан болон эмийн бус үйлчилгээг европ анагаах ухааны ололттой хослуулан эмчлэх байдлаар хүмүүсээ хүлээж авч эхэллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн зүгээс сэтгэл ханамж өндөр байна гэдгээ илэрхийлж байгааг сонсоход таатай байна" гэлээ.



“Монгол анагаах ухааны  тасаг” –т хэвтэн эмчлүүлэгч Г.Чанцалдулам: "Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт уламжлалт нөхөн сэргээх эмчилгээ өмнө нь хийгддэг байсан. Тэгэхэд өдөрт нь ирж эмчлүүлээд орой нь гэртээ харьж амардаг байлаа. Энэхүү эмчилгээ үйлчилгээг энэ дүүргийн иргэн болсноос хойш хоёр дахь удаагаа авч байна. Уламжлалын эмчилгээгээ хийлгэчихээд гадаа гараад явах нь учир дутагдалтай юм шиг санагддаг байсан. Үүнээс үүдээд хэвтэн эмчлүүлдэг тасаг болж өргөжөөсөө гэж дотроо бодож явдаг байв. Энэ бодол маань өнөөдөр амьдрал дээр биелэлээ олж байгаад иргэн хүний хувьд талархаж байна. Өчигдөр уламжлалын тасагтаа ирж хэвтлээ. Эмчилгээ үйлчилгээний хувьд ярих юм алга. Маш сайн. Эмнэлэг дотроо унтаж амраад эмчлүүлнэ гэдэг үнэхээр сайхан байна" гэв.











 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:БАГАНУУРЫН НОЁН КОМПАНИЙ АМРАЛТЫН ГАЗАР МАШ ОЛОН ХҮН ХОРДЛОГОНД ОРСОН ГЭСЭН. ЭРДЭНЭБАТ РУУ МЭДЭГДЭЭРЭЙ 2018-06-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?