Бөхийн чөлөөт барилдааны энэ оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын зааланд явагдахаар болжээ.
Энэ удаагийн тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, оюутны спортын холбоо, ҮБТДС хамтран зохион байгуулж байгаа аж. Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог нь олимпийн жингийн ангиллаар явагдах юм.
Ирэх Бямба гаригт эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг, харин Ням гаригт эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаанууд явагдахаар болжээ.
Энэ удаагийн тэмцээний аваргууд есдүгээр сарын 4-9-нд Бразил улсын Гояна хотод болох оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм.
Хоёр жил тутамд нэг удаа болдог оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жингийн ангиллаар явагдах юм.
Д.НЯМАА