Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын Харү башё Японы Осака хотноо 15 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Энэ удаагийн башёд Монголын 22 сүмоч зургаан зиндаанд банцүкэд бичигдэж хүч үзэв. Харин ёкозүна Хакүхо бэртлийн улмаас башёд барилдалгүй өнжсөн бол ёкозуна Кисенесато мөн л бэртлийн улмаас тэмцээнийг зурагтаар үзсэн.
Гол өрсөлдөгчдийнхөө эзгүйд 71 дэх аварга Какурюү М.Ананд 13 даваа хоёр унаатайгаар түрүүлж Японы эзэн хааны цомыг 4 дэхь удаагаа хүртсэн юм. Тэрээр тэмцээний 13 дахь өдрийн барилдаанд озеки Гоэдог ялж түрүүлэх болзлоо хангажээ.
Макуучи зиндаанд комүсүби цолтой зодоглосон Инчиножо А.Ичиноров тэмцээнийг есөн даваа зургаан унаатайгаар өндөрлүүлж ирэх сарын тэмцээнд секиваке цолтой зодоглохоор болов. Харин баруун жигүүрийн нэгд эрэмбэлэгдсэн Тамаваши Б.Мөнх-Оргил мөн есөн даваа зургаан унаатайгаар тэмцээнийг дуусгаж тавдугаар сарын тэмцээнд комүсүби цолтой зодоглох болзлоо хангасан юм. Зүүний хоёрт эрэмбэлэгдэж барилдсан Араваши Э.Дөлгөөн тэмцээнийг хоёр даваа 13 унаатайгаар өндөрлүүлж тааруухан наадав.
Мөн зүүний 10-д бичигдсэн Коконоё дэвжээний бөх Чиёошима Г.Мөнхсайхан есөн даваатайгаар тэмцээний өндөрлүүлэв.
Жүрёо зиндааны барууны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Кёкүшохо Т.Эрдэнэбаатар долоо даваа найман унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлж макуучи зиндаанд дэвших боломжоо үгүй хийсэн. Харин аравдугаар сарын тэмцээний гол дуулианы эзэн Такайнаова Баасандорж жүрёо зиндааны 12-оос барилдаж найман даваа авч качигоши хийсэн юм. Харин цагтаа макуучи зиндааны түрүү бөхөөр шалгарч озеки цолд хүрч явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зургаан даваа найман унаатайгаар амжилтгүй барилджээ.
Сонирхуулахад Жонокүчи зиндаанд хүч үзсэн их аварга Д.Дагвадоржийн ахын хүү С.Бямбасүрэн зургаан даваа нэг унаатгаар тэмцээнээ өндөрлүүлж мэргэжлийн сүмогийн гараагаа амжилттай эхэллээ. Мөн Макуучта зиндааны барууны 37-д бичигдсэн улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу дөрвөн даваа гурван унаатайгаар башёг дуусгаж ирэх сарын тэмцээнд чансаа өгсөхөөр болсон юм.
Мэргэжлийн сумогийн Хару башёд барилдсан 21 бөхөөс 12 нь тавиас дээш хувийн амжилт үзүүлж Какүрюү М.Ананд дөрөв дэх түрүүгээ авч Монголчууд амжилттай барилдлаа.