Монголын үндэсний скайраннингийн холбооны тэргүүн, уулын спортын мастер, Навааншаравын Сүрэнжав (Сэнгү) агсаны нэрэмжит “Уулын марафон гүйлт-2018” тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. Уулын спортыг сурталчлах, хөгжүүлэх түүн дотроо (скайренинг) уулын гүйлтийн төрлийг түгээн дэлгэрүүлэх олон зорилго агуулсан тус тэмцээнд алхагч, аялагчдын 10 гаруй клуб, холбоод оролцож эрэгтэй 110, эмэгтэй 49 тамирчин өрсөлдлөө.
Тэмцээнд оролцогчид Богдхан уул /Ханбогд амралт/-Дугуй цагаан-Баруун ширээт-Богдхан уул /Ханбогд амралт/ гэсэн замаар 9 км замыг туулснаар бариалсан юм.
Тэмцээнд оролцсон хамгийн залуу тамирчин 20 настай, хамгийн ахмад нь 66 настай тамирчин байлаа.
Тэмцээний эрэгтэй төрөлд
“Эко аялал” клубын гишүүн, 150-р анги /элитийн батальон/-ийн алба хаагч С.Чинбат 55 минутаар 1- р байр эзэлсэн бол
2-р байрыг Аврагч Спорт Хорооны тамирчин н.Тэмүүжэн 56 минутын амжилтаар
3-р байрыг “Тэгри” клубын тамирчин Б.Ням-Очир 57 минутын амжилтаар тус тус эзэлсэн юм.
Эмэгтэй төрөлд
“Тэнгэр” уулчдын клубын тамирчин М.Даваажаргал 1 цаг 10 минутын амжилтаар түрүүлсэн бол
2-р байрыг "Аялалд нэгдэгсэд" клубын тамирчин н.Батцоож
3-р байрыг "Хамтдаа алхцгаая" клубын тамирчин н.Нямсүрэн тус тус эзэллээ.
Уулын марафон гүйлтийн зам халтиргаа ихтэй, бартаа саадтай байсан ч аялалд дурлагч, сонирхогч залуус ийнхүү амжилттай өрсөлдөж чадлаа.
Sky running буюу ууланд уралдаж гүйх энэ спортын санааг анх Италийн уулчин Марио Жакометти гаргасан байна. 1990-ээд оны эхэн үед Жакометти болон түүний уулчин нөхөд Альпын нурууны ноён оргил Монбланы сонгодог замаар уралдаж энэхүү спортын гарааг эхлүүлсэн гэж үздэг.
Харин монгол улсад Skyrunning-ийн холбоог уулын спортын мастер Н.Сүрэнжав анхлан байгуулж, энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэнбайдаг. Энэ удаагийн тэмцээнийг түүний үүсгэн байгуулсан "Монголын Скайраннингийн холбоо" түүний нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.