Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан хүчит бөхийн бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Ойрын хугацаанд улс, аймгийн цолтнуудын барилдаан зохиогдоогүй болоод ч тэр үү улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва гээд том цолтнууд олноор цугларчээ. Харин Ц.Содномдорж, Э.Оюунболд нарын арслангууд харагдсангүй. Мөн өнгөрсөн барилдааны түрүү бөх улсын харцага О.Хангай барилдааныг өнжжээ.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Баян-Өлгий аймгийн харьяат улсын начин Б.Баатарцол Орхон аймгийн харьяат бөхийн чөлөөт барилдааны спортын мастер Д.Төгс-Эрдэнэтэй оноолт таарч зүүн хөлдөө алдаж тахим өгсөн. Үүний дараахан Архангайн “аралтай” начин Э.Ванданцэрэн Говь-Алтай аймгийн харьяат сумын заан М.Балжиннямыг нарийн ууцаар тэвэрч мордож дайрсан ч дэгээ ороож эргэхэд нь доор нь орчихов. Мөн Баян-Өлгийн хурц арслан У.Бреке сумын заан Д.Эрдэнэтулгатай удтал хүч үзээд барьц сонгуулж өвдөг шороодсон зэрэг бөх сонирхогчдын таавар будилуулсан барилдаанууд олон гарсан.
Барилдааны хоёрын даваанд Сүхбаатар аймгийн харьяат аймгийн харцага Н.Өсөхбаяр улсын өсөх идэр начин Ч.Батчулууныг төвөггүйхэн орхиод туг тойрно лээ. Өнөө жил 20 нас хүрч байгаа үндэсний бөхийн залуучуудын улсын аварга энэ залууг бөхийн хүрээнийхэн ирээдүйд тун сайн барилдана гэж үнэлэх юм билээ. Өнөөдөр дээгүүр барилдах тааварт байсан Хөвсгөлийн улсын начин Ч.Хөхчирэнгэр энэ даваанд Хэнтийн Дэлгэрхааны аймгийн харцага Д.Аззаяатай хүнд барилдаан хийж өвдөг шороодсон юм.
Гурвын даваанд улсын наадамд завсаргүй 10 жил шөвгөрсөн арслан Х.Мөнхбаатар Өмнөгөвийн аймгийн харцага Т.Төгсдөлгөөнийн амлаж барилдаанд мушгиж тонгоруулаад өвдөг шороодсон бол өсөх идэр начин Э.Энхбат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарыг амлаад тахим буулгав. Өнөө жил 36 настай аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарын сургуулилт жигдхэн сайн байгаа нь харагдана лээ. Энэ давааны төгсгөлд улсын начин Г.Ганжад Хөвсгөлийн аймгийн арслан Б.Даваа-Очирыг амлаж хүч үзсэн ч хашиж мордуулаад чангахан газардсан юм.
Дөрвийн даваанд аварга Ч.Санжаадамба аймгийн харцага Т.Төгсдөлгөөнийг баруун талд нь хонгодоод давсан бол арслан П.Бүрэнтөгс аймгийн заан М.Даваасүрэнг шуудагны барьцнаас голлож түрж дайраад туг тойров. Харин улсын арслан Н.Батсуурь бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга Д.Хүдэрбулгыг дан золгооноос дайрахдаа хөмрүүлж тэнгэр харна лээ. Н.Батсуурь арслан сүүлийн гурван барилдаан дараалж доогуур даваанд өвдөг шороодож байна. Тэрээр өнгөрсөн барилдааны нэгийн даваанд сумын заан Б.Сосорбарамд тахим буулгасан юм. Мөн тохойны бэртлийн улмаас сар шинийн барилдааныг өнжсөн улсын заан Н.Жаргалбаяр “Ирээдүйн аварга” шагналын эзэн аймгийн арслан Т.Бэгзсүрэнг барьцгүй хавсарч давсан нь энэ өдрийн онцлох уран мэх байв. Үүнээс үзэхэд залуу зааны бэртэл бүрэн илааршсан нь харагдаж байсан юм.
Бөхийн барилдааны тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба цол амжилтын эрэмбээр гоц мөргөхөд шүүмжлэлтэй хандах бөх сонирхогчид цөөнгүй харагдсан. Энэ урд өдөр нь цахимаар бүртгүүлсэн бөхчүүд бүгд ирж барилдахгүй байгаатай холбоотой талаар гарын даа мэдэгдсэн юм.
Энэ зуур өнгөрсөн жилийн наадмаар улсын арслангуудыг “нурааж” улсын цолны босго алхсан Булганы Д.Тамир уран барилдаант харцага Т.Баасанхүүг өхийлдөхөд нь өшиглөж унагачихаад тугны зүг гүйж харагдав. Улсын цол хүртсэнээс хойш төдийлөн сайн барилдахгүй байсан энэ залуугийн бэлтгэл сургуулилт жигдэрсэн нь анзаарагдаж байна лээ. Удахгүй болох ардын хувьсгалын 97 жилийн ойн бар наадмаар дахиад ч “гялалзаж” мэдэх л залуу.
Энэ даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нутгийн бөх улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтохыг амлаж барилдаад дархан хонгодоо мэхээрээ давна лээ. Харин Алтай нутгийн хүчитнүүд тахим өгөлцөж авалцахдаа бие бие дээ хүндэтгэлгүй хандсан нь бөхийн өргөөнд цугласан олны бухимдлыг багагүй төрүүлсэн шүү.
Нохой жилийн сар шинийн барилдаанаар “улсын цолд ойрхон” бөхийн шагнал гардсан Хөвсгөлийн Б.Даваа-Очир арслан энэ даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг сугадаж дайрахдаа хашиж мордоод тун төвөггүйхэн даваа авав. Бие жижигтэй ч эрмэг дайчин барилдаантай барилдаантай энэ залууд Хөвсгөл нутгийн зон олон тун ч их найдвар хүлээлгэдэг юм байна лээ. Тэрээр энэ өдөр олон шилдэг хүчтэнүүдийг давж их шөвөгт шалгарсан юм.
Энэ давааны онцлох барилдаан улсын арслан П.Бүрэнтөгс улсын харцага Б.Бат-Өлзий нарын хооронд болж ах цолтон нь бариа зөрүүн дээр гар таллаж далавчилж гуд татаад төвөггүйхэн өвдөглүүлэв. Өнгөрсөн намраас хойш дөрвөн ч барилдаанд түрүүлж чансааг тэргүүлж буй Б.Бат-Өлзий харцагын барилдааны арга барилыг хашир арслан анхааралтай ажиглаж өөрийн барилдаандаа дүгнэлт хийсэн нь харагдаж байлаа. Энэ хоёр хүчтэн нохой жилийн сар шинийн барилдааны түрүү үзүүрт шалгарч Б.Бат-Өлзий дотуур өхийлдөж давж байсан билээ.
Нөгөө талд Н.Жаргалбаяр заан улсын начин Д.Тамирын амлаж барилдаад тахимдаад даваа авсан юм. Тоолбол насаар чацуу, төөлбөл биеэр ойролцоо энэ хоёр хүчтэн олон ч наадамд таарч барилдаж бөх сонирхогчдыг баясгах биз ээ.
Их шөвөгт Ч.Санжаадамба аварга аймгийн арслан Б.Даваа-Очирыг гар ачихад нь зөрүүлж мушгиад доороо хийчихэв. Энэ өдөр аваргыг үзүүрт шалгарах хүртэл “гарыг нугалах” хүчтэн ховор байсныг дурдья. Тунасан арслан П.Бүрэнтөгс заан Н.Жаргалбаяр нарын барилдаанд арслан илүүрхэж сугадаж тахимдаад туг тойров. Түрүү байрын төлөөх тулаан төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Аварга Ч.Санжаадамба сугадаж дайрахад нь П.Бүрэнтөгс баруун талдаа тосгуулж өшиглөөд 30 насны төрсөн өдрөөрөө ардчиллын ойн барилдааны тэргүүн бөхөөр шалгарав.
Түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгс таван сая төгрөгөөр байлуулсан бол үзүүр бөх аварга Ч.Санжаадамба гурван сая, их шөвөгт шалгарсан улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн арслан Б.Даваа-Очир нар сая төгрөгөөр тус тус шагнуулсан юм.
Д.НЯМАА