Туркийн Антальяа хотод олон улсын жүдо бөхийн холбооноос жил бүр зохион байгуулдаг дэлхийн чансааны оноо олгох гран при тэмцээн амралтын өдрүүдэд болж байна.
Энэ удаагийн тэмцээнд үндэсний шигшээ багийн найман тамирчин ахлах дасгалжуулагч О.Балжиннямын удирдлагад хүч үзсэн юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ОУХМ Ж.Амарболд барилдаж хүрэл медаль зүүсэн юм. Тэрээр “А” хэсэгт багтаж хэсгийн аваргын төлөө нутгийн ах гавьяат Д.Амартүвшинг хоёр ваззари үнэлгээгээр буулгаж авч хагас шигшээд шалгарсан. Харин мөнгөн медалийн төлөөх барилдаанд Гүржийн Яба Папинашвилид ялагдсан юм. Хүрэл медалийн төлөө манай тамирчин Тайваний бөх Юн Яныг ялж гранпри ангиллын тэмцээнээс анхны медалиа зүүсэн. Барилдааны явцад Тайваны бөх манай тамирчны гарыг хөшич хориотой мэх хийснээр тэмцээнээс хасагдсан юм.
Энэ жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин зодоглож Ж.Амарболд болон Америкийн тамирчин Диаз нарт ялагдаж долоодугаар байрт шалгарчээ.
Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д мастерс тэмцээний аварга Г.Хэрлэн барилдаж хүрэл медаль зүүсэн. Тэрээр эхний даваанд гоц мөргөж хоёрдугаар тойрогт Мотенегрогийн бөхийг ялжээ. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францийн тамирчин Ле Блучийг хожиж хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд Румыны Денис Верид ялагджээ. Харин хүрэл медалийн төлөө Казахстаны Жумаконовыг вазари үнэлгээгээр хожиж Монголын багийн хоёр дахь медалийг авчирсан юм.
Харин тэмцээний сүүлийн өдөр -100 кг-ын жинд хүч үзсэн олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Л.Отгонбаатар Монголын багийн гурав дахь хүрэл медаль зүүжээ. Энэ өдөр татамид гарсан олимпийн аварга Н.Түвшинбаяр хоёрдугаар тойрогт Кубын бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн бол Г.Алтанбагана Бразилийн тамирчинд хожигдож долоодугаар байр эзэлжээ.