Европын топ 4 лигийн төлөөлөл Аваргуудын Лигийн шигшээ 4-т шалгарлаа. Хүлээж байснаас Барса хасагдаж, түүнийг мулталсан Ромагийн хүчээр Серия-А төлөөллөө хадгалж чадлаа. Байер Мюнхен багийг 3:0-дэж улирлын гарааг "галзуу" эхэлсэн, Неймар, Кавани, М-Бапбе нарын гурвал бүхий Францын Парис Сан Жермен багийг финалд үлдэх нь гэж шуугиж байсан ч, аваргууд л эцэстээ үлдэв. Яг л Монголын Ширээний Теннисний Улсын аварга шиг юм болов.
Өнгөрсөн оны сүүлчээс л залуу мастер Эрдэнэбаяр, Мөнхзориг нарын залуусыг түрүүлнэ, улсын аварга болно гэж таамаглаж байсан ч аваргууд л шөвгөрсөн үйл явдал Монголд өрнөсөн. Мөнхзориг гадаадад буй учир өнжиж, Эрдэнэбаяр Билигтэд шөвгийн 16-д унасан. Улсын аварга Э.Лхагвасүрэн, Б.Баярмагнай, Я.Бэгз, Б.Билэгт нарын 4 аварга шөвгийн дөрөвт үлдсэн.
Ийм л явдал хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймагт зохиосон УАШТ-ний финалд өрнөсөн. Сүүлийн 5 жилийн түүхийг сөхвөл, УАШТ-д Э.Лхагвасүрэн З, Б.Билэгт 2 удаа түрүүлж, Я.Бэгз 2 удаа финалдаж, Баярмагнай хоёр удаа шөвгөрсөн байдаг. Тэгвэл Монголын ширээний теннисийг өнгөлж буй 4 аварга шөвгийн шигшээ 4-т дахиад л шалгарсан . Энэ харьцуулалтыг Аваргын Лигийн өнгөрсөн шөнийн тоглолтыг хараад өөрийн эрхгүй дурсмаар санагдлаа. Европод олон Лиг бий. Тэгвэл түүнээс ялгардаг Ла Лиг ( Испани), Бундеслиг ( Герман), Серия-А ( Итали), Премьер Лиг ( Англи)-ийн төлөөлөл Аваргуудын Лигийн шилдэг дөрвийг бүрдүүллээ. Ливерпүүл 5:1 Манчестер Сити, Рома 4:4 Барселона. Ливерпүүл хоёр хожсон бол Рома бөмбөгийн тоо тэнцсэн ч, айлын талбайд оруулсан 1 гоолын үнэ цэнээр Барсаг өрсөлдөөнөөс мулталлаа. Харин эхний тоглолтоо хожсон Реал Мадрид, Байер Мюнхенд эргэлзэх мэргэжилтэн байгаагүй. Байер Мюнхен тооцооны тоглолт хийж, хүчээ хэмнэж 0:0-ээр тэнцэж "анги" дэвшив. Харин эхний тоглолтоо 3:0-дсон Реал Мадрид бүдрэх шахав. З гоол алдаж, онооны харьцаа тэнцэж, нэмэлт цаг дээрээ тулахдаа хүрсэн.
Эхний 2 дахь минутанд Мандзукович Реал Мадридын хаалгыг гоолоор мялаасан. Тэр дахин гоолдож, 90 дэх минут гэхэд Бернау цэнгэлдэх хүрээлэн шоконд орсон байдалтай байв. Реал Мадрид талбай дээрээ 0:3-аар хожигдож, шүүгчийн мэдлийн 4 минут үргэлжилж байв. Реалын сүүлийн довтолгоо, сүүлчийн минутанд шүүгч 16 дотор алдаа зааж, Буффоныг улаан картаар торгож, талбайгаас хөөв. Реалд "боломж" олгов. Роналдо ч тэр сүүлчийн боломж-торгуулийн цохилтыг алдалгүй цохиж, харьцааг 1:3 болгон ялалтын жинг өөр лүүгээ хандуулснаар ээлжит баатраар тодорлоо. Тэд Барса-гийн араас орчих шахаж байж, нэг амь мултарлаа.
Ийм л тоглолт болов. Одоо сугалааг хүлээх үлдлээ. Ливерпүүлийн хувьд Реал Мадридыг тойрч, Рома, Байер Мюнхений аль нэгтэй нь таарахыг хүсэж буйгаа илэрхийллээ.