Өнөөдөр МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Монгол улсын Даяар дуурсагдах, Далай даян, Дархан аварга Ж.Мөнхбатыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ. Түүнийг сүүлчийн замд нь үдэх ёслолд түүнтэй нэгэн цагт эн зэрэгцэн өрсөлдөж явсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй Монгол улсын найман аварга /Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат/ зүүн хойморт нь сууж,баруун талд түүний гэргий Ө.Тамир нарын гэр бүл, хамаатан садан, ах дүүс, үр хүүхдүүд нь суусан байлаа.
Дархан аварга Ж.Мөнхбатыг үдэн гаргах ёслолд түүний бага хүү, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргал гэргий, хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирж, гашуудлын үг хэлсэн юм.
Тэрээр нэгэн цагт монгол бөхийн ногоон дэвжээг эзэгнэж явсан хоёр “Мөнх”-ийн үеийг дурсаад хайрт аавыг нь бурхны оронд үдэх ёслолд гүн хүндэтгэлтэй хандаж байгаа Х.Баянмөнх аваргад гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Дархан аварга Ж.Мөнхбат 1961 онд МБАТ-ний спартакиадад түрүүлж улсын заан,
1963 оны улсын наадамд 9 даван түрүүлж улсын арслан,
1963-1967 онуудад Улсын баяр наадамд завсаргүй 5 удаа,
1974 оны Улсын баяр наадамд 6 дахь удаагаа түрүүлж, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цолыг хүртжээ.
Мөн 1972, 1975, 1978, 1980 онд Улсын баяр наадамд үзүүрлэн,
1961, 1971, 1972, 1973, 1974, 1975, 1977, 1979, 1980, 1981, 1983, 1984, 1985, 1994 онуудад таваас дээш давж нийт 22 удаа шөвгөрсөн эгэлгүй үнэн хүчтэн байлаа.
Ж.Мөнхбат 30 гаруй жил баяр наадмыг манлайлан барилдахдаа улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн юм.
Мөн тэрээр чөлөөт бөхийн улсын шигшээ багийн анхны гишүүн, “Токио-1964”, “Мехико-1968”, “Монреал-1972” зуны олимпийн наадамд оролцож
“Дели-1967” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль,
“Мехико-1968” зуны олимпийн XIX наадмаас анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан бөгөөд
1972 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Ази тивийн аваргаас алтан медаль,
“Тегеран-1974” Азийн наадмаас сонгомол бөхөөр хүрэл,
“Дан Колов”, “Вахтанг Балавадзе”, “Зеелинбендир”, Найрамдалт армиудын олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль,
1965, 1966, 1967, 1969, 1973, 1974 оны Монгол Улсын аваргын алтан медалийг тус тус хүртэж, чөлөөт бөхийн төрлөөр эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсган Монгол түмэндээ хүндлэгдсэн аугаа их хүчтэн байлаа.
С.ШҮРЭНЧИМЭГ