Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плэйоффт дорнод бүсийн дөрөв болон тавдугаар байраар шалгарсан Кливлэнд Кавальерс болон Индиана Пэйсерс багуудын гурав дахь тоглолт өнөө өглөө боллоо.
Өнгөрсөн улирлын дэд аварга Кавальерс тоглолтыг онцгой эхлүүлж эхний хагасыг 57:40 харьцаатай өндөрлүүлсэн. Энэ үед тэд Индианагийн гол тоглогч Виктор Оладипо дээр сайн хамгаалалтыг хийж тоглолтыг хязгаарлаж байсан юм.
Харин шийдвэрлэх хоёрдугаар хагасд Пэйсерс эргэн ирэлт хийж үндсэн цагт 92:90 харьцаатай буулган авч цувралыг 2:1 тэргүүлж эхэллээ. Энэ өдөр Хорват довтлогч Боян Богданович 30 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд холын зайнаас долоон удаа оновчтой довтолсон. Виктор Оладипо 18 оноо, зургаан самбар, долоон оновчтой дамжуулалт өгч багтаа тус хүргэсэн.
Кливлэнд Кавальерс багаас Лэброн Жэймс 28 оноо, 12 самбар, 8 оновчтой дамжуулалт, Кэвин Лаав 19 оноо авсан ч Хорват залууг зогсоож чадсангүй.
Цувралын дөрөв дэх тоглолт Даваа гарагт Индиана Пэйсерс багийн талбайд болох юм.
Д.НЯМАА