Улаанбаатар хотноо зохиосон ширээний теннисний Зүүн Өмнөд Азийн бүсийн тэмцээнээс Монголын охид мөнгө, хөвгүүд хүрэл медаль хүртэв. Хоёрдахь удаагаа Улаанбаатар хотноо зохиож буй тус тэмцээнд Япон, Гон Конг, Тайван, Хойд Солонгос, Тайван, Макаогийн тамирчид оролцох хуваарьтай байснаас Хойд Солонгосын тамирчид хоёр дахь удаагаа Монголд ирсэнгүй.
Энэ нь Монгол-Хойд Солонгос шиг дипломат харилцаа сайтай хоёр улсын хувьд урьд хожид тохиолдоогүй байдал үүсэв. Ямар ч л гэсэн Хойд Солонгосын тамирчид хоёр жил дараалан энэхүү тэмцээнийг өнжлөө. Харин Япон, Гонконг улс эрэгтэй багаа, Тайван улс эмэгтэй багаа дангаар нь илгээж Макао, Монгол улс хоёр эрэгтэй, эмэгтэй бүрэн багтай оролцов. Эмэгтэйд Тайван, Макао, Монголын баг өрсөлдөсөнөөс Тайван түрүүлж, Монгол удаалж, Макао гуравлав.
Журмын дагуу эхний хоёрт шалгарсан Тайван, Монголын эмэгтэй баг энэ намар Малайзид болох Өсвөрийн ширээний теннисчидийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ өвөртлөв. Эрэгтэй 4 баг өрсөлдсөнөөс Япон түрүүлж, Гонконг удаалж, Монгол гуравлаж, Макао сүүл мушгив. Түрүүлж, үзүүрлэсэн Япон, Гонконгийн эрэгтэй баг энэ намар Малайзид болох Азийн аваргад оролцох болов. Монголын өсвөрийн эрэгтэй теннисчид хоёр дахь жилдээ Азийн аваргыг өнжих боллоо.
Д.БАТЖАРГАЛ