ШИРХЭГ Ч "НОМГҮЙ" АСАР

2018-05-26  

ТАЛБАЙ ДЭЭРХ НЭГЭН АСАРТ ШИРХЭГ Ч НОМ БАЙХГҮЙ, ГЭХДЭЭ...

“Ном бол ертөнцийг харах цонх биш. Ном өөрөө ертөнц юм” гэж саяхан нэг зохиолч хэлсэн байсан. Аль нь ч бай ном дотор агуу том орчлон бий гэдгийг тэд баталж байна. Тэгвэл ном гэгч энэ ертөнцийн хаалгыг шинээр нээх олон олон уншигчдад зориулж жил бүр "ULAANBAATAR BOOK FAIR FESTIVAL" зохион байгуулагддаг билээ. Нийслэлд болдог энэхүү үзэсгэлэн өнөөдөр Сүхбаатарын талбай дээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жил бүрийн хавар, намар уламжлал болон зохиогддог энэхүү номын баярт бүх хэвлэлийн компани, хэвлэн нийтлэгчид, зохиолчид оролцож өөрсдийн номоо 20-45  хувийн хямдралтайгаар худалдаалдаг. Энэ нь ном шимтэн уншигчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болоод байгаа юм.

Мөн энэ үеэр зохиолчид уншигчидтайгаа уулзаж, гарын үсэгтэй номоо худалдаалдаг бөгөөд олны танил эрхмүүд ч ном худалдан авахаар ирдэг билээ. Тэгвэл алдартай зохиолчдоос П.Бадарч, Г.Мэнд-Ооёо, залуу зохиолчдоос Б.Шүүдэрцэцэг, Todko Samson, Ч.Ганжавхлан тэргүүтэй уншигчдын талархлыг хүлээсэн олон зохиолчид өглөөний 11:00 цаг гэхэд төв талбайн асарт номоо дэлгэсэн байлаа. Харин ном худалдан авахаар ирсэн олны танил эрхмүүдийн нэг бол МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга байсан.

НОМЫН ШИНЭ ЭРИН МОНГОЛД

Талбай дээрх нэгэн асарт нэг ширхэг ч ном байхгүй, гэхдээ тэд зуу зуун ном хүмүүст санал болгож байх юм. Ер нь ном гэхээр таны толгойд юу буудаг вэ. Магадгүй цаасан хуудас, хатуу хавтас, зузаан, нимгэн, зурагтай зураггүй, монгол гадаад гээд л шүүгээ дүүрэн ном бодогддог байх. Тэгвэл та олон ном, бүр зуу зуугаар нь цүнхэндээ хийгээд явж үзсэн үү. Гар утсандаа аппликэйшн татаад л файл хэлбэрээр номоо уншдаг болчихлоо, яг л номын сан халаасандаа багтаачихсан юм шиг. Энэ нь хэдийн дэлхийн жишиг болоод байсан ч монгол залуусын хийсэн зориулалтын аппликэйшн хэлбэрээр монгол ном, тэр дундаа бэстселлэр номуудыг хамгийн хямдралтайгаар худалдан авна гэдэг мөрөөдөл төдий байсан билээ. М+ аппликэйшн нь тав хоногийн өмнө буюу энэ сарын 19-нд нээлтээ хийж, номын хорхойтнуудын цангааг тайлсан юм. Тус аппликэйшнд цахим сэтгүүл, сонсдог ном хүртэл бий.

НОМ ҮНЭГҮЙДСЭН ҮҮ, ХАРИН ҮНЭД ОРОВ УУ

“Бүх ном 1000 төгрөг” Энэ үг танд юу бодогдуулж байна вэ. Яг л мянгын бараа гэж нэрийддэг хятадын жижиг сажиг зүйлсийн цуглуулга шиг сэтгэгдэл төрүүлж байна уу. Гэхдээ зөвхөн 1000-ын номон дээр маш олон хүн цугларч, худалдан авч байх юм. Тэдгээр номын ихэнх төрөл зүйл нь зөвлөгөө, сургалт, хайр сэтгэлийн тухай, шашны зэрэг цуврал номнууд байлаа. Ер нь энэ төрлийн номын зохиогчид уран зохиолын зохиолчдоос харьцангуй олон байдгийг худалдаалагч нар хэлж байв. Эсрэгээрээ зорьж авдаг худалдан авагч нар цөөхөн гэнэ. Тиймээс ийнхүү бүхэл бүтэн нэг ном автобусаар хоёр удаа явах үнэтэй тэнцүү болж байгаа аж. Гэхдээ ихэнх номын сүүлийн хуудсанд “Энэхүү ном зарагдаж буй үнээсээ хэд дахин илүү үнэ цэнэтэй юм” гэж бичсэн байдгийг номын хорхойтон та бүгд андахгүй биз ээ.  

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
IU:gou ymaa utsandsaa tatahad unetei bdg bolov uu 2018-05-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?