Монгол туургатны их наадмыг Монголын Үндэсний бөхийн холбоо, Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээ, “Хамаг монгол” студи, “Малчин” телевиз хамтарч Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Наадмын үеэр монгол бөх, буриад, өвөр монгол бөхийн барилдаанууд болж тус бүрт нь 128 бөх зодоглосон юм. Монгол туургатны наадамд Өвөрмонгол, Буриад, Тува зэрэг улсуудаас бөхчүүд ирж хүч үзлээ. Энэ жилийн наадамд Халимаг улсаас хараахан бөх ирж амжсангүй.
Халх бөхийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Д.Баасандорж нараар ахлуулсан хүчит бөх барилдсан 128 бөх барилдав. Энэ барилдаанд Монгол Улсаас 96 дээр нь зочин 32 бөх бүртгүүлжээ. Монгол туургатны барилдаанд барьц сонгох дүрмийг хэрэгжүүлсэнгүй. Барилдааны зүүний манлай улсын аварга Г.Эрхэмбаяр гурвын даваанд улсын начин Б.Шоовдорын хүү аймгийн хурц арслан Дарханбатыг амлаж барилдсан ч хашиж мордуулаад өвдөг шороодов.
Мөн дагавар магнай улсын заан Д.Баасандорж аймгийн арслан Б.Суманчулууныг амлаж барилдаад тахим буулгав. Энэ барилдааны түрүү бөхөөр нэрлэгдэж байсан аралтай начин Б.Амарзаяа аймгийн арслан Т.Пүрэвсүрэнг амлаж барилдаад дийлсэнгүй. Гурвын даваанд улсын начин Л.Лха-Очир, Д.Анар тунаж барилдаад Завханы начин давхар шуудагны барьцнаас бусгаж тохойлдуулаад, өөрөө суучихав. Энэ барилдааныг хажуухнаас нь харсан хөлийн цэцүүд Д.Анарыг давуулахад үзэгчдийн суудлаас барилдааныг үзсэн аварга Ч.Санжаадамба “Ийм тодорхой барилдааныг ингэж буруу шийдээд байгаа юм аа” гэж халаглаж суув. Аварга барилдааны шүүлтэд камерийн тусламж зайлшгүй хэрэгтэй байгааг онцолно лээ.
Оноолтын давааны онцлох барилдаан нь улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Т.Пүрэвсүрэн нарын хооронд өрнөсөн. Барьц сонгох дүрэмгүй явагдсан барилдаанд хоёр бөх баруун, зүүн давхар золгоог 10 гаруй удаа халалцсаны эцэст харцага харшиж мордоод шөвгийн наймд шалгарсан юм.
Тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамба Ш.Дарханбатыг амлаж барилдаад орхисон бол Архангайн М.Бадарч харцага Өвөрхангайн Х.Гантулгыг илүүрхэж их шөвөгт үлдсэн. Харин харцага Б.Бат-Өлзий өмнөх даваанд хүнд барилдаан хийсэн ч өсөх идэр начин Э.Энхбатыг аргалж бэлтгэл сайтай байгаагаа харуулсан юм. Энэ давааны дундуур зочин 32 бөхийн барилдааны түрүү байрын төлөө Тувагийн Очиржав Буриадын Магсар нар хүч үзэж Тува барилдааны аварга Очиржав давж халх барилдааны их шөвөгт орж барилдах эрхээ өвөртөлсөн юм. Барилдааныг зохион байгуулагчид зочин бөхчүүддээ боломж олгож хооронд барилдуулж аваргыг нь их Монголын бөхчүүдтэй барилдуулсан.
Зургаагийн даваанд Б.Гончигдамба гарьд Тувагийн аварга Очиржавд ямар ч боломж олгосонгүй. Бариа зөрүүн дээр тахимдаад тэнгэр харуулав. Тунасан хоёр барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий М.Бадарчийг зүүн золгооноос мушгиад даваа авав. Удахгүй болох улсын наадмын тавын даваанд тунаад барилдаж байж мэдэх л хоёр доо.
Түрүү байрын төлөөх барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба Б.Бат-Өлзийг зүүн талдаа шахаж татаад анх удаа Монгол туургатны барилдаанд түрүүлсэн юм.
Наадмын үеэр зохион байгуулсан Өвөрмонголын үзэмчин бөхийн барилдаанд Өвөрмонголын аварга Бүрэнсайн долоо даван түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн. Барилдааны их шөвөгт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Б.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Б.Баянмөнх нар шалгарсан юм. Үзэгчид Өвөрмонголын үнэн хүчит аварга Д.Баярбаатарын барилдахыг хүлээж байсан ч энэ наадамд зодоглосонгүй. Өвөрмонголын өөр нэг хүчит аварга Алтансүх дөрвийн даваанд улсын начин Б.Бат-эрдэнэд өвдөг шороодож барилдаанаа өндөрлүүлнэ лээ.
Буриад бөхийн барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Т.Бэгзсүрэн түрүүлж Өвөрхангай аймгийн харьяат сумын заан Б.Өлзийсайхан олон хүчтэй өрсөлдөгчийг давж үзүүрлэсэн юм.