ГЯЛГАР УУТНЫ ХЭРЭГЛЭЭ АЮУЛЫН ХЭМЖЭЭНД БАЙНА

2018-06-04  

Тайландын өмнөд нутагт хар дэльфин 80 гаруй гялгар уут залгисны улмаас амиа алдсан тухай бичлэг цахим сүлжээгээр тарсан. Эдгээр уутнууд нь нийт 8кг бөгөөд дэльфиний хоолойд тээглэн идэш залгих нөхцөлгүй болж, улмаар хоол боловсруулах эрхтэн систем нь доголдсоноор амиа алджээ. Яг ийм тохиолдол манайхны хувьд  аймгийн төвийн ойролцоо идээшилдэг үхэр малд ч тохиолддог.

Гялгар уутанд давуу тал огтхон ч байхгүй атал өнөөдөр бүх дэлгүүр, худалдааны байгууллагууд хэрэглэгчдээ “шахсаар” байна. Дэлхийн улс орнууд ийм уутнаас татгалзаж, хуулиар зохицуулж, тусгай татвар ноогдуулдаг. Хятадад л гэхэд 2009 онд Хэт нимгэн нийлэг уутны хэрэглээг хориглох тухай хууль гарсан. Үүний дараахан манайд ижил хууль гарсан ч “Хог хаягдлын тухай хууль шинэчлэх” нэрээр энэ хуулийг цуцалсан байдаг.

Тус хуульд 0,25 мм-ээс доош нимгэнтэй гялгар уутыг хэрэглэхийг хориглосон. Тухайн үед энэ хууль хүмүүсийн ухамсарт бүрэн сууж ч амжаагүй байхад нь цуцалсан билээ. Хэдий тийм ч хүнсний захууд, дэлгүүр супермаркетууд, тэр ч бүү хэл том том сүлжээ дэлгүүрүүд ч энэ тал дээрээ анхаарахгүй, иргэд ч шахаж шаардахгүй явсаар байгаа нь эмгэнэлтэй.

Одоогоор дэлхий даяар Хятад, Франц, Руанда, Итали зэрэг 60 гаруй улс оронд нэг удаагийн гялгар уут, торыг бүтэн ба хагас хориглосон, эсвэл өндөр татвартай болгоод байгаа ажээ. Тухайлбал Зүүн Африкийн Кени улсад ийм хууль гарч энэ нь дэлхийн хамгийн хатуу хуульд тооцогдоод байгаа. Эл хуулийг зөрчсөн хүн 40.000 америк доллараар торгуулах эсвэл дөрөв хүртэлх жил хоригдох ял сонсох юм. Харин манай улсад хуулиар хорьчихоод байхад ямар ч хяналтгүй байгааг энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ынхан хэлсээр байгаа билээ.

Иргэдийн хэрэглэж заншсан гялгар уут нь харьцангуй хямд үнэтэй, хэд дахин ашиглах боломжтой ч 100-400 жилийн туршид байгаль дээр устаж үгүй болдоггүй хор уршигтай.

Харин даавуун болон цаасан уут нь үнэ ихтэй ч эрүүл ахуй, экологи талаасаа өндөр ач холбогдолтой. Зах зээл дээр цаасан уут 120-200 төгрөг, цаасан даавуун уут 400-550 төгрөг, даавуун тор 800-3000 төгрөгийн өртөгтэй байна. Тэгэхээр 10-170 төгрөгийн үнэтэй гялгар ууттай өрсөлдөх боломжгүй байгаа аж. Үүнийг зохицуулах гол хүчин зүйл нь хууль биш татвар гэдгийг холбогдох нийгэмлэгийнхэн хэлдэг. Тэгвэл гялгар уутыг цаасан уутаар сольж, иргэдийнхээ эрүүл мэнд, байгаль экологийн тэнцвэрийг хадгалахын тулд гагцхүү онцгой татвар байхад л хангалттай байх нь.

 

 

 

        О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?