Энхийн гүйлт нь жил бүр АНУ-ын Нью-Йорк хотоос гарч, дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамарч, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг өөр өөр сая сая хүмүүс түүнд нэгдэн оролцдог гүйлт юм.
Гол зорилго нь галт бамбарыг олон сая хүн хотоос сууринд, нэг улсаас нөгөө улсад буухиалж гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийн уриаг түгээхэд оршдог.
Монгол улс 1995 онд энхийн галт бамбарыг анх хүлээн авсан бөгөөд түүнээс хойш хоёр жил тутамд тус гүйлтийг амжилттай зохион байгуулж, улмаар Ази-Номхон далайн бүсийн орнуудын маршрутад нэгдэн оролцож байна.
Энхийн гүйлт Монгол орны 22 аймгийн нутаг дэвсгэрийг хамран 20 гаруй мянган км замыг туулж олон мянган ард иргэд оролцож, хөрш зэргэлдээх хоёр орны жирийн ард түмэнтэй мөр зэрэгцэн галт бамбарыг буухиалан гүйж, даян дэлхийн улс орнуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
Тэгвэл 2018 оны Энхийн гүйлтийн Ази-Номхон далайн орнуудын маршрут Непал улсын Покара хотоос 2-р сард эхэлж, ОХУ-ын Томск хотноо 7-р сард өндөрлөх бөгөөд нийт 20 улсын нутаг дэвсгэрээр 20 мянга гаруй км замыг туулах юм.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос буухиалсан бамбарыг Дорнод аймгийн хилийн боомтоор 05 дугаар сарын 31-нд хүлээн авсан байна. Улмаар манай 13 аймгийн 39 сум суурин газраар нийт 3000 орчим км замыг туулан, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор 06 дугаар сарын 22-нд ОХУ-ын талд шилжих юм.
Энхийн галт бамбарыг өчигдөр Багануур дүүрэг хүлээн авсан бол өнөөдөр 15 цагт Баянзүрх дүүргэт хүлээн авах гэж байна.
Галт бамбарыг Улаанбаатар хотод аялуулах маршрут