Д.ПҮРЭВСҮРЭН: ӨНӨӨГИЙН ЗАЛУУС МЭХ ХИЙГЭЭД УНАГАХ БИШ ТУЛЖ ЗОГСОЖ БАЙГААД ШАХААНЫ БАРЬЦАНД НЬ НАЙДАХ БОЛЖЭЭ

2018-06-07  

Наадам хаяанд иржээ. Дэлхийд ганц наадмаараа монголчууд хүчит бөх, хурдан морь, мэргэн харваачдаа дэмжиж уухайлж сэтгэлийн цэнгэл эдэлдэг сайхан уламжлалтай ард түмэн. Наадам дөхсөн энэ өдрүүдэд бөх сонирхогч хэн бүхний толгойд өнөө жилийн наадмаар аль нутгийн ямар хүчтэн өнгөлж барилдах бол, хэн цолоо ахиулах бол гэсэн таамаг эргэлдэж байгаа болов уу. Энэ цаг мөчид бөхчүүдийн бэлтгэлийг сонирхохоор “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г зорилоо.

Энд улсын арслан До.Ганхуяг, улсын заан Т.Санчир нараар ахлуулсан Өвөрхангай аймгийн  “Их Монголын хүчтэн”, улсын харцага Д.Одсүрэнгийн хүү аймгийн арслан Баярхүүгээр ахлуулсан Сүхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээний залуус наадмын сэргэлтийн бэлтгэлээ базааж байна. Мөн энд Завхан,  Дорноговь, Дундговь, Орхон аймгийн залуус бэлтгэл хийж байхтай тааралдсан  юм.

Наадам дөхсөн энэ өдрүүдэд хиймэл зүлгэндээ дасах   боломж  олгосон үр өгөөжтэй бэлтгэл болж байгаа талаар бөхчүүд ам сайтай байлаа.    “Их Монголын хүчтэн дэвжээ”-ний бөх улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал нар Өвөрхангайд зохиогдох  бэсрэг наадамд зодоглохоор нутгийн зүг хүлгийн жолоо залжээ.    

Галын ахлагч улсын арслан До.Ганхуяг  “Наадам дөхөөд бөхчүүд зах зухаасаа сэргээлтийн бэлтгэлд гараад эхэлчихэж. Их Монголын хүчтэн дэвжээний  хамт олон зургаадугаар сарын дундуур  наадмын бэлтгэлдээ гарахаар төлөвлөж байна. Үүний өмнө барилдах зүлгэндээ дасахаар  “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д ирж бэлтгэл хийж байна” гэв. Энэ дэвжээнд улсын цолны төлөө олон жил хөдөлмөрлөж буй аймгийн арслан Гомбосүрэнгийн Отгонбаатар бэлтгэлээ базааж байна. Гол төлөв сэрвүү барьцнаас хөл авах, хонгордох мэх хийж барилддаг арслан  энэ удаа шуудагны барилдаанд их ач холбогдол өгч байгаа бололтой. Аралтай заан Т.Санчиртай дан давхар шуудагны барьцнаас эн тэнцүүхэн барилдаж байгаа харагдана лээ. “Өнөө үед гол өрсөлдөгчдөө шуудагны барьцнаас л хаяна. Жин ихтэй бэлтгэлээ хангачихсан бөхчүүдийн хөл аваад хаяахад хэцүү” гэж арслан До.Ганхуяг зөвлөж байлаа.  Улсын цолд тулчихсан өөр нэг хүчтэн энд бэлтгэлээ хангаж буй нь “Мээтэн” Аюур арслангийн удмын бөх аймгийн арслан Ж.Наранбаатар юм. 2010 онд л аймгий арслан цол хүртсэн тэрээр өнөөдөр хүртэлд хараахан цолоо ахиулж амжаагүй л явна.  Гэхдээ өнөө жилийн тухайд бэлтгэл сургуулилт нь жигдэрч  хий зай нь арилсан харагдана лээ.

Бид  “Их Монголын хүчтэн” галын дасгалжуулагч гавьяат тамирчин, улсын начин Д.Пүрэвсүрэнтэй цөөн хором хөөрөлдлөө.

          -Наадам хаяанд ирлээ. “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийн бэлтгэл жигдэрч байна уу?

-Өвөрхангайн бөхчүүдийн өнгө сайхан байна.  Холбоодын асуудлаас шалтгаалж “Бөхийн өргөө” хаагдаж, барилдаанууд цуцлагдсан энэ үед “Их Монголын Хүчтэн” дэвжээний хамт олон сумдын нутгийн зөвлөлийнхөнтэй хамтарч сар бүр барилдаан зохион байгуулж бөхчүүдийнхээ бэлтгэлжилтэд анхаарч байсан.  Бөхөд сэтгэлтэй нутгийн зон олныхоо итгэлийг амжилтаараа бөхчүүд хариулах байх гэж найдаж сууна.  

          -Наадмын бэлтгэлдээ Бугын сангийн аж ахуйд гарах уу.  Өвөрхангайн хүчтэнүүдэд ээлтэй газар шиг санагддаг юм. Та  улсын начин цолоо энд гараад л  авч байсан шүү дээ?

-Өврийн хангайн хүчтэнүүдэд ээлтэй сайхан газар шүү. Өвөрхангайгаас төрсөн аварга, арслан, заан, харцага гээд улсын өндөр цолтнууд бүгд  Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гарсан байдаг. “Их Монголын хүчтэн”-үүд  Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гарсан  анхны жил нь  би начин цол авч байсан түүхтэй.

          -Улсын харцага Х.Гантулга заалны барилдаануудад их сайн барилдаж байсан. Харцагын бэлтгэл сургуулилт хэр байгаа бол?

-Х.Гантулга харцага өнгөрсөн жил цолоо ахиулах зорилготой барилдаад тавын даваанд тунаад өвдөг шороодсон. Тунана гэдэг сайн бөхийн шинж шүү дээ. Өнгөрсөн улирлын заалны барилдаануудад харцага  тогтмол өнгөнд барилдсан. Өнөө жилийн наадмаар цолоо ахиулах байхаа. Б.Сангисүрэн начингийн бэлтгэл сургуулилт жигдрээд хэнтэй ч эн тэнцүү барилдах хэмжээнд очсон. Яаж барилдахыг тэр өдрийн аз од л мэдэх байх.

          -“Их Монголын хүчтэн дэвжээ”-нд  шинээр улсын цолд хүрэх боломжтой хэд хэдэн залуу харагдаж байна. Бэлтгэл сургуулилт нь хэр байгаа бол?

-Ж.Наранбаатар, Т.Ядамсүрэн, Б.Лхагвадорж гээд улсын цол зүүдэлж байгаа залуус энд бэлтгэлээ базааж байна. Эднийгээ цолд хүрчихээсэй гээд До.Ганхуяг арслан бид хоёр сурсан мэдсэнээ зөвлөөд сууж байна даа. Залуусын маань хичээл зүтгэл л мэднэ.

          -Залуу бөхчүүдийн барилдааны бэлтгэлийн алдаа онооны тухайд. Засч залруулах зүйл юу байна?

 -Залуу хүүхдүүдэд алдаа оноотой зүйл байлгүй яах вэ. Тэр бүгдийг нь хэлж ойлгуулаад явдаг. Хүлээж авах нь авдаг биз. Өнөөгийн залуус барилдааны бэлтгэл гэхээсээ штанг өргөөд биеэ хөгжүүлж, жингээ нэмэхийг  илүүд үзэх болж. Мэх хийгээд унагах биш тулж зогсож байгаад шахааны барьцанд нь найдах болжээ. Бидний үед чинь барилдааны бэлтгэл сайн хийж байж цолд хүрдэг байсан.   Дээрээс нь ахмад үеийн бөхчүүдээ хүндлэхгүй байх юм” гэж  самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн  аварга гавьяат тамирчин Д.Пүрэвсүрэн ярилаа. 40 нас хол гарсан тэрээр бөхийн өргөөний барилдаанд тогтмол сайн барилдаж буй Завханы  сумын заан Болдбаатартай хүч үзэж толгойг нь уургалж тахимдаад давж байгааг нь харахад бөхийн техникийг гаргууд эзэмшсэн гэлтэй.

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?