“ИХ БОГД ДЭВЖЭЭ”-НЭЭС ЦЭРГИЙН АРСЛАН ТӨРЛӨӨ

2018-06-11  

Улсын их баяр наадмаас өмнө аймгийн цолтнуудад эрэмбээ ахиулж, цолоо батлах боломж олгодог томоохон  сорилго барилдаан нь Бүх цэргийн баяр наадам байдаг.    1992 оноос хойш  жил бүр зохиогдож буй барилдаанд түрүүлж цэргийн  арслан болсон бөхчүүд тухайн жилийнхээ баяр наадамд амжилттай барилдаж улсын цолтны бүлд багтдаг  уламжлалтай. Тийм ч учраас спорт хороод ач холбогдол өгч оролцдог юм.

Нэгийн даваанд дээгүүр барилдах боломжтой хэд хэдэн арслангууд өвдөг шороодсон. Цэргийн наадамд тогтмол дээгүүр барилддаг  аймгийн арслан Ш.Пүрэвгарьд Өвөрхангайн аймгийн начин Ж.Бямбадоньдтой барилдаж тахим өгөв. “Гурван удаа дэвжээнээс зугтаж гарахад хасдаг дүрэмтэй биз дээ. Сая гучин удаа зутгаж гарлаа. Хэрэгжүүлэхгүй бол дүрмээр яах юм бэ” гэж бухимдана лээ. Нээрээ ч масс ихтэй бөхчүүд барилдаан гаргахгүй хэдэн удаа дэвжээнээс зугтаж гараад лавхан барьцанд хүрэх сонирхолтой болчихсон нь МҮБХ-ны анхааралдаа авах шаардлагатай зүйлүүдийн нэг шиг санагдсан. Жүдо барилдааны насанд хүрэгчдийн улсын аварга  аймгийн арслан Б.Бат-Орших Хөвсгөлийн Э.Өлзийсайханд хашиж мордуулаад тэнгэр харав. Мөн Монгол туургатны буриад бөхийн барилдааны түрүү  аймгийн арслан Т.Бэгзсүрэн, сумын заануудын манлай Д.Алтанцоожтой таарсан нь энэ давааны онцлох оноолт байлаа. Барилдааны эхэнд  Д.Алтанцоож мордож дайраад тохойлдуулчихсан. Харамсалтай нь хөлийн цэцүүд анзаарсангүй,  дахин барилдах тушаал гаргав. Үүнийг Бэгзсүрэн арслан  ашиглаж алдаа гаргасангүй. Баруун дан золгооноос шахаж татаад туг тойров. Бүх цэргийн  наадмын  түрүү бөхөөр нэрлэгдэж басан  аймгийн заан Энх-Амгалан чөлөөтийн шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэлтэй таарч барьц сонгуулан унаж ажлаа эрт дуусгасан.

Оноолтын давааны онцлох барилдаан Баянхонгорын хурц арслан Б.Эрдэнэхүү Өмнөговийн аймгийн нэмэх начин Т.Төгсдөлгөөн нарын хооронд болсон. Б.Эрдэнэхүү арслан цолтны барилдааны ирийг дарахаар тогтож тулж барилдахаар төлөвлөсөн бололтой. Барилдааны эхнээс захалж зугтаж эхэлсэн. Барилдааны цаг дуусч золгоход Т.Төгсдөлгөөнд давах магадлал бага тул урагш давшилсаар хурц арсланг сугадаж мушгиад дороо хийчхэв. Гэсэн ч хөлийн цэц улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Д.Нямхүү нар барилдааны явцад   хашлага тулсан гэж үзсэнээр дахин  барилдуулах шийдвэр гарсан. Хоёр дахь барилдаанд баглаж  барьц авсан Б.Эрдэнэхүү  дараад унана лээ. Тэрээр тавын даваанд нутгийн дүү Г.Жамбалдоржид барилдалгүй тахим өгсөн юм.

Тавын давааны эхэнд  Булганы Д.Амаржаргал Б.Суманчулууны хөлд дутаахан давхар хамаад буцахдаа дархан тахимдаанд нь орж өвдөг  шороодов.  Энэ давааны онцлох уран барилдаан энэ болсон доо.  Өвөрхангайн аймгйн начин С.Галданцогт энэ даваанд аймгийн хурц арслан Ө.Сүхбаттай хүч үзэж давснаар аймгийн нэмэх начин болсон юм. Давааны төгсөлд Увсын аймгийн арслан Цэ.Мөнхбаяр аймгийн заан  Б.Түмэндэмбэрэл нарыг хэн ч амлалгүй тунаж үлдсэн. Хүч тэнцүүхэн  барилдааны төгсгөлд бага цолтон нь сугадаж мушгиад тугны зүг хандсан юм.

Зургаагийн даваанд хурц бадрангуй арслан Н.Золбоо аймгийн начин Т.Дүгэрдоржийг амласан ч  сүрхий эсэргүүцэл үзүүлсэнгүй таллаж татуулаад өнхрөөд өгсөн. Өнөө цагт барилдаж буй арслангуудыг амжилтаараа тэргүүлж байгаа хурц арслан Н.Золбоо түрүүлээд ч эрэмбэ нь өөрчлөгдөхгүй  тул өсөх ирээдүйтэй залуу хүчтэнг дэмжсэн нь энэ байх. Б.Түмэндэмбэрэлийг зориглоод амлах хүчтэн мөн л гарсангүй. Аймгийн арслан Т.Бэгзсүрэнтэй тунаж сэнжиг элэг бүсний барьцнаас хагалж цохиод хэвтүүлчхэв. Тэрээр дараагийн даваанд нь Т.Бэгзсүрэнгийн төрсөн дүү Т.Дүргэрдоржид өнөөх алдартай хагалж өшиглөх мэхээ даалгаж  түрүү үзүүрт шалгарсан. Их шөвөгт аймгийн арслан Б.Суманчулуун аймгийн нэмэх начин Г.Жамбалдорж нарын барилдаан удаан үргэлжилж үзэгчдийг чилээсэнгүй.  Жамбалдорж сугадаж тонгорч давсан юм.

Түрүү байрын төлөөх тулаанд Г.Жамбалдорж илүү шийдэмгий барилдаж тойруулж шахаж татсанаар  илүүрхсэн юм. Ийнхүү хонгор нутгийн зон олон ардын хувьсгалын 97 жилийн ойн босгон дээр шинэ цэргийн арслантай боллоо.

Энэ жилийн бүх цэргийн наадмын үеэр найраа хийж, хор хутгаж бөхийн өргөөний булан тохойгоор шагайдаг,  барилдаж буй бөхчүүдийг ам авах үед нь дуудаж уулздаг, утасддаг улсын цолтнууд харагдсангүй. Үнэн хүч шавхсан шударга сайхан наадам боллоо.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин: Далай даян дархан аварга Жигжидийн Монхбат аваргын улсын заан цол авч байх уеийн зурагтай тун адилхан харагдаж байна, аварга хамраа зангидсан байдаг нь дахин давтагдахгуй агшин байж Дээ, Мооео аварга Далай даян дархан аварга Дарийн Дамдинг их дурсан ярих дуртай байсан 2018-06-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?