УЛСЫН ЦОЛНЫ БОСГООР АЛХАХ ХҮЧТЭНҮҮД

2018-06-20  

Наадам хаяанд иржээ. Бөхчүүд ч тус тусын харьяаллын дэвжээнийхэнтэйгээ наадмын бэлтгэлдээ гарсан байна. “Дэлтэй болгон уралдсан ч айраг амсдаггүй наадам, дээлтэй болгон барилдсан ч начин болдоггүй наадам” гэж  улсын цолны өндөр босгыг  тайлбарласан үг бий . Монгол бөхөд сонирхолтой хэн бүхэн  ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмаар улсын цолны өндөр босгоор алхах аймгийн цолтнуудыг дор бүрнээ таамаглаж суугаа.  Тухайн жилийнхээ заалны барилдаануудад амжилттай барилдсан аймгийн цолтнууд баяр наадмаараа амжилттай барилдаж цолд хүрэх магадлал өндөр байдаг.

Хонгор нутгийн түмэн Ж.Чулуунбат 2011 онд начин болсноос хойш улсын цолтон өлгийдөж аваагүй л байна. Энэ хүлээлтийн өнөө жил Баянбулаг сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Нацагсүрэнгийн Золбоо тайлах болов уу. Өнгөрсөн жилийн наадмын дөрвийн даваанд үзүүр бөх Ө.Бат-Оршиход тахим өгсөн тэрээр 2017-2018 оны улирлын аймаг цэргийн цолтнуудын барилдаанд дөрөв түрүүлж, нэг удаа үзүүр булаасан. “Их богд” дэвжээнээс улсын цолд зүтгэх өөр нэг хүчтэн нь аймгийн хурц арслан Болдын хүү Эрдэнэхүү. Хурц арслан Б.Эрдэнэхүү аавынхаа цолыг ахиулахаар олон наадамд зодоглож байгаа ч болж өгөхгүй л байгаа. “Азарганыхаа хүрээгүй газар унага нь хүрдэг жамтай. Аавынхаа хүслийн дутууг хүү нь гүйцээдэг учиртай” гэж үг бий. Арслан энэ жилийн наадмаар тав даваад гараад ирж мэдэх л юм. Өнгөрсөн жилүүдийнхээс барилдааны арга барилаа өөрчилж урагш довтолж задгай барилдаж буй нь улсын цолд хөтөлж ч болох юм. Тэрээр саяхан болсон монгол туургатны барилдаанаар аймгийн арслан Т.Бэгзсүрэнд босоо өмсөөд чулуудчихаж байгаа харагдсан. Тулж зогсож хүлээх биш дайраад давшлаад барилдвал хэнийг ч аваад л залах бөх дөө.

Өнгөрсөн жил төрийн наадмын түрүү хүртсэн Хөвсгөл нутгаас улсын цолны тааварт орж сайн барилдаж буй аймгийн арслангууд хэд хэд бий. Сар шинийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүд тухайн жилийнхээ баяр наадмаар амжилттай барилдаж цол ахидаг уламжлал бий. Үүнээс үзвэл Шороон нохой жилийн сар шинийн барилдаанд улсын арслан Н.Батсууриар дөрөв давж “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагнал гардсан Их-Уулын Б.Даваа-Очир арслан цол ахих нь баараггүй. Биеэр жижиг ч сэтгэл зүй өндөртэй,  дайчин барилддаг энэ залуу 2017 оны баяр наадмын дөрвийн даваанд улсын арслан Э.Оюунболдтой эн тэнцүүхэн хүч үзэж будилаантай барилдаанд өвдөг шороодож цурхиртал уйлаад дэвжээг орхиж байгаа харагдсан. Дөрөв даваад гараад  ирэхэд Б.Даваа-Очирыг давна гэж зориглоод амлах том цолтон байхгүй дээ.

Хөвсгөл нутгийн нэрийг төв цэнгэлдэхэд  сайнаар дуурсгах өөр нэг хүчтэн нь Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ. Бяртай бас мэдрэмжтэй барилддаг Хаш-Эрдэнэ арслан өнгөрсөн жилийн наадмын хоёрын даваанд улсын начин Д.Амарсайхантай оноолт таарч давсан ч хөлийн цэц засуулуудын харалган шийдвэрийн золиос болж улсын цолтны өнөр бүлд багтах мөрөөдлөө нэг ахин нэг жилээр хойшлуулсан гашуун туршлагатай. Барилдааны үеэр хаяа  нэг гаргадаг хайнга алдаагаа засчихвал начин Хөвсгөлийн залуу хүчтэнд начин цол ойрхон байгаа даа. Мөн улсын наадамд арав жил дараалж шөвгөрсөн хүчит арслан Х.Мөнхбаатартай усны дусал шиг адилхан Ц.Сандагдорж гэж залуу улсын цол хүртэхээр бэлтгэлээ шаргуу хийж байгаа сураг дуулдсан. Тав даваад туг тойрч мэдэх л хүчтэн дээ.       

     

Отгонтэнгэр хайрханы өвөрт орших  Отгон сумаас ардын хувьсгалын жилүүдэд улсын цолтой бөх хараахан төрж амжаагүй л байгаа. Энэ нутгийн зон олны хүлээлтийг тайлахаар хөдөлмөрлөж буй залуу хүчтэн бол аймгийн арслан Төрмөнхийн Бэгзсүрэн. Дархан аварга А.Сүхбатын гараас “Ирээдүйн аварга” шагналыг хүртсэн бөхчүүд улсын том цолд хүрдэг уламжлал бий. Алдарт аваргын итгэлийг дааж аварга цолд хүрэхийн тулд Т.Бэгзсүрэн улсын цолны босгоор эртхэн алхах хэрэгтэй. Арал чацтай залуу арслан гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бөхийн чөлөөт барилдааны  бэлтгэл хийдэг нь үеийн өрсөлдөгчдөөсөө ялгарах онцлог нь болж өгдөг.  Монгол туургатны наадмын буриад барилдааны түрүү бөхөөр тодорсон тэрээр үндэсний баяр наадамд тав л давчихвал цаашаа ямар ч цолд хүрэх бүрэн  боломжтой. Хутагт хувилгаадын нутгаас улсын цол зүүдэлж буй өөр нэг  хүчтэн нь аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьд. Өнгөрсөн зууны шилдэг бөхчүүдийн нэг улсын заан З.Дүвчингийн гарын шавь тэрээр жин массаар ноёлж барилддаг өнөө үед уран хурц барилдаанаараа монгол бөх сонирхогчдын  талархлыг хүлээж байгаа. Ямар ч нэр алдартай аварга, арслантай таарсан бэргэлгүй барилддаг залуу арсланг ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмаар  улсын цолд хүртэх өндөр магадлалтай бөхөөр нэрлэж байна.

Говьсүмбэрээс сүүлийн жилүүдэд Төмөрбаатарын Пүрэвсүрэн гэж аймгийн арслан тун сайн барилдаж байгаа. Хий нягт, тэвчээртэй барилддаг онцлогтой энэ залуу өнгөрсөн оны арван нэгдүгээр сард зохион байгуулагдсан Лу.Энхбаяр начны нэрэмжит аймаг цэргийн цолтнуудын барилдаанд олон хүчтэй өрсөлдөгчдийг өвдөг шороодуулж түрүү бөхөөр тодорсон. 2008 оны ардын хувьсгалын 87 жилийн  ойн их баяр наадмын өсвөрийн барилдаанд түрүүлж байсан жаахан хүү Т.Пүрэвсүрэн өнөөдөр аварга арслангуудыг айлгах хэмжээний мундаг бөх болжээ.

Төв аймгийн "Дүнжингарав" дэвжээнийхэн өнгөрсөн жил одтой наадаж начин цолтноо хүлээж авсан. Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Г.Ганжад энэ цагийн манлай хүчтэн улсын аварга Ч.Санжаадамбаар тав давж начин цолыг “гуйж биш гуядаж” авсан. Түүний амжилтыг түүчээлэх хүчтэн нь Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр юм. Сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтнуудын  барилдаанд түрүү бөхөөр тодорсон залуу арслан, улсын цолтнуудад ч сайн барилдаж  хурц бадрангуй арслан Н.Золбоогоор гурав давсан. Бяртай арсланд дархан аварга А.Сүхбат “Ирээдүй аварга шагналаа” зүгээр нэг  гардуулаагүй биз.Төв нутгаас өөр нэг хүчтэн улсын цолны босгоор алхахад бэлэн байгаа нь Угтаалцайдам сумын харьяат аймгийн арслан Ганболдын Өсөхбаяр. Мэдрэмжтэй барилддаг залуу арсланг бөхийн багш, дасгалжуулагчид ирээдүйд том цолд хүрнэ гэж үнэлдэг юм билээ.       

 

 

 

Д.НЯМАА      

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?