ОРОСЫН БАГ ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЧ ИСПАНИЧУУД ГЭРТЭЭ ХАРИЛАА
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-ын тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын шигшээ баг 2010 оны дэлхийн аварга Испанийн багтай өрсөлдөж торгуулийн цохилтоор ялалт байгуулж шилдэг наймд шалгарлаа.
Тоглолтын нэгдүгээр үеийн 12 дахь минутад Оросын төвийн хамгаалагч Игнашевич өөрийн хаалганд гоолдож багаа хөөдсөн. Харин эхний үеийн төгсгөлд Испанийн багийн хамгаалагч Жерард Пике 16-ын талбайд гар хүрснийг талбайн шүүгч харснаас 11 метрийн торгуулийн цохилт заасан. Үүнийг нь Артем Зюба амжилттай гүйцэтгэснээр багтаа тэнцээ авчирсан юм. Гоол оруулсан Оросууд хамгаалалтандаа ноцтой алдаа гаргасангүй. Үндсэн болон нэмэлт цаг тэнцээгээр өндөрлөв. Тоглолтын хувь заяаг торгуулийн цохилтоор шийдвэрлэхэд Коке болон Иаго Аспас нарын цохилтыг Игорь Акифев хааж багтаа ялалт авчирсан юм.
Оросын баг шөвгийн наймд Хорватын багтай тоглох юм. Тэд энэ шатанд Данийн багийг мөн торгуулийн цохилтоор ялсан билээ.
Д.НЯМАА