Увс аймгийн бөхийн "Увс нуур" галын сорилго бэсрэг наадам өнгөрсөн бямба гаригт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Харзтайд" байрлах Шүтээн бэлтгэлийн баазад болж өндөрлөлөө. Өнөө жил 20 жилийн ойтой золгож буй “Увс нуур” галын сорилго наадамд Өмнөговь аймгийн "Их говийн хүчтэн" дэвжээ Ховд аймгийн "Ховд”, Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн", Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний бөхчүүд оролцсон юм.
Улс аймаг сумын алдар цолтой 96 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат Сүхбаатар аймгийн ОБЕГ, "Увс нуур" галын бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат Батлан хамгаалахын их сургууль,"Увс нуур" галын бөх улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэжээ.
Барилдааны их шөвөгт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх аймгийн хурц арслан У.Береке шалгарсан байна.
Уран барилдааны тусгай шагналыг Увс аймгийн Давст сумын харьяат "Увс нуур" галын бөх сумын заан Э.Мөнх-Эрдэнэд хүртлээ. Тэрээр Өмнөговь аймгийн харьяат улсын начин Ц.Одбаяраар хоёр даваад улсын заан Б.Соронзонболдод тахим өгчээ.
Өнөө жилийн баяр наадмын түрүү бөхөөр нэрлэгдэж буй улсын харцага Б.Бат-Өлзий бөхийн барилдааны гурвын даваанд Баян-Өлгий аймгийн харьяат улсын начин Б.Серикт өвдөг шороодсон байна. Энэ жилийн наадмын сорилго барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү нар зодоглосонгүй.
Мөн энэ үеэр Сүүж ууланд бэлтгэлд гарсан бөхчүүдийн дунд наадмын сорилго барилдаан зохион байгуулагджээ. Хүчит 64 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат цэргийн шинэ арслан Г.Жамбалдорж түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай үзүүрлэжээ. Бөхийн барилдааны их шөвөгт Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Б.Бат-Амгалан, Дорнод аймгийн Халхгол сумын харьяат аймгийн нэмэх начин Б.Батдорж нар шалгарсан байна.
“Сүлд” хорооны галын наадмын сорилго барилдаан явагдаж Ховд аймгийн зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр үзүүр булаажээ.
Д.НЯМАА