УЛСЫН ШИНЭ МЭРГЭН Б.ДАШЗЭВЭГ 40 НАСНААСАА НУМ ЭВШЭЭЛГЭЖ ЭХЭЛЖЭЭ

2018-07-13  

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмын сурын харваанд газар газраас хуран цугларсан 580 эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьсноос Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Спортын мастер Баатарын Дашзэвэг түрүүлж Улсын мэргэн болсон бол эмэгтэй сурчдыг Улсын мэргэн Д.Норжмаа өнгөлж Даян мэргэн болоод байгаа билээ. Тиймээс шинэхэн мэргэнүүдийн тухай сонирхолтой мэдээллүүдийг хүргэе!

Улсын мэргэн Б.Дашзэвэг

Шинэхэн Улсын мэргэн Б.Дашзэвэг 1972 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ.

40 наснаасаа эхлэн нум эвшээлгэн, сум тавьж эхэлсэн тэрээр 6 жилийн дараа буюу 46 насандаа ийнхүү Улсын мэргэний болзол хангасан нь сурын спортоор хичээллэхэд хэзээ ч оройтохгүйн дээр, бүх насныхан хичээллэж болдгийг харуулж буй хэрэг юм. Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Гарамгай мэргэн А.Цэвээн 90 нас гартлаа харваж, 64 насандаа 4 дэх  түрүүгээ авч байсан нь ч үүнийг батална.

Улсын мэргэн Б.Дашзэвэг Говь-Алтай аймгаас төрсөн анхны мэргэн/эрэгтэй төрөлд/ болж байна.

Тэрээр өнгөрсөн жил “Говь-Алтай аймгийн Засагт хан” клубыг үүсгэн байгуулалцаж, анхын мэргэнээр тодроод байна.

Тэрээр хана харваанд 20, хасаа харваанд 20 сум тавьж нийлбэр дүнгээр 37 онож ийнхүү Улсын мэргэн болоод байна. 1998 онд Улсын гарамгай мэргэн Ш.Даваахүү 40 сумнаас 40 онож байсан амжилтыг одоогоор эвдсэн хүн гараагүй байна.

 

ДАЯН МЭРГЭН Д.НОРЖМАА УЛСЫН ЗААН Д.БУМБАЯРЫН ДҮҮ ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алдар Жем” багийн харваач Монгол улсын мэргэн Дамирангийн Норжмаа 40 сумнаас 37 онож, Монгол улсын даян мэргэн цолны болзол хангалаа.

Д.Норжмаа 12 жилийн өмнө улсын их баяр наадамд түрүүлж байснаас гадна дөрвөн ч удаа дэд байранд орж байсан түүхтэй.

Тэрээр Улсын заан Д.Бумбабаярын төрсөн түү бөгөөд 8 хүүхэдтэй айлын дунд охин. Түүний ах Д.Бумбаяр Улсын заан, Д.Норжмаа өөрөө Улсын мэргэн бол дүү Д.Баатархүү нь Аймгийн алдарт уяач. Нэг үгээр, Дамрин гэх айлаас эрийн гурван наадамчин төржээ.

Бага байхын дуулж, хуурдах авъяасгүй байсан тэрээр зүүдээ дагаж сурын спортод оржээ. Д.Норжмаа мэргэн бага байхдаа Наадмаар үндэсний сур харваж түрүүлээд индэр дээр гарч, Ерөнхийлөгчөөс шагнал авч байна” хэмээн зүүдлээд маргааншнаас нь сурын спортоор хичээллэжээ.

Аймгийн заан Дамиран гуай хүү Бумбаярыгаа анх улсын начин цол авахад нь “Миний хүү начнаар тогтох бөх биш. Зааны энтэй хүчтэн” гэж урам хайрлаж байсан бол охиноо анх улсын мэргэн болоход мөн л “Миний охин наадамд нэгээр тогтохгүй түрүүлэх харваач” хэмээн урмын үгээрээ шагнаж байжээ. Өнөөдөр тэд аавынхаа ерөөлөөр яваа ажээ.

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?