Нүүр   /  

БУЛГАНЫ БУЛГАН СУМЫНХАН

2018-07-23  

Анхдагчдын эх өлгий гэгддэг Булган аймгийн төв болох Булган сум миний нутаг аа. Өсөж өндийсөн нутгаа урин цагаар нь бодох хамгийн дуртай, би. Сэв сэв салхи илбэсхийгээд, бороо намилзан, цагаан цагаан үүлс үелзэн нүүж ирээд л, нар завсраар нь инээвхийлэн байх зуны нэг тийм уянга дуу шиг өдрөөр нь төсөөлж, Булганаа санадаг юм. Манай суманд Мээж хайрханы үзүүрээс нар мандаж, Булган хангайн өврөөр жаргатал амьдрал зүйл зүйлийн өнгөөр гэрэлтэж, айл айлын гэрт, гадаах аж байдал өрнөнө дөө. Сумын зүүн урдуур Мээж хайрхан сунайна. Их догшин хайрхан гэж үздэг учраас манай нутгийнхан хайрхандаа идээний дээж юугаан өргөж, эрхэм үгээ ерөөж, залбирна. Харин баруун хойно нь Булган хайрхан дүнхийж буй. Булган хайрханыг эртнээсээ Вангийн хүрээний том аграмбууд тахидаг байсан тахилгатай хайрхан гэж ярьдаг юм. Ханагар баян хангайн булганчууд зундаан бол самар, жимсэнд хорхойсон хормой дор нь очиж “жимсчилнэ”. Хайрхан нутгийн түмнээ өөдөө явахад нь түшнэ, өнгө алдаж явахад бас түшнэ. Булган хайрханаас жаахан наашаа дөхөөд ирэхээр онгоцны буудал бий. Онгоцны буудлын хажуугаас авахуулаад Ачуут голоо дагаад айлууд ярайчихсан, мал ахуй тарчихсан зуны тунгалаг өдөр айргийн амтыг шимж, сүүдэр бараадасхийгээд суух мөн чиг яруухан. Сумын зүүн урд Орхон голын хөндий сүүмэлзэн байж үзэгдээд л, айлын гадаа адуу тургилж, айраг шуугин байх тэрхэн мөчийг төсөөлбөөс нэгэн сайхан дүр зураг болох биз ээ. 

Булган аймгийн төв талбай.

Би сумандаа сургуульд орохдоо л ирсэн юм. Тэр хүртэл говийн суманд өвөө эмээ дээрээ байсан болохоор хангай газар ирээд “хорвоотой танилцсан” гэхэд болно. Анх ирэхэд хамаатны маань ах эгч, дүү нар бүгдээрээ самар цөмж идээд байгаа нь их жигтэй хачин харагдсан юм. Тэгээд самар цөмж үзээд, дараа нь улаалзгана, нэрс, үхрийн нүд, гүзээлзгэнэ идэж үзээд чихэрлэг гоё амтанд орж, удалгүй шинэ бүхэндээ дассан сан.

Манайхны амьдрал намар гэнэт “хурдаа авч”, бүх юм юу болов гэмээр оргилно. Ногоо хураана, хадлан хадна, модонд явна, сүү сааль хураана, хүүхдүүд бид сургуульдаа явна. Энэ бүхэн зэрэгцэж ирээд аав, ээж аль алийг нь амжуулах гэж яарал д ан урал дан есдүгээр сар бүхэлдээ ер бусын дуулиантай өнгөрдөг байв. Зарим намар хүйтэн бороо цастай холилдож нүдээд байцаа, төмс юу ч үгүй хөлдүүс болчихно. Тэгж, нэг л өглөө хашааны жаахан ногоо малын тэжээл болчих нь муухай санагддаг байж билээ. Харин хадланд дагаж явах нь гоё. Яагаад гэхээр томчууд намрын халуунд хадлан хадах гэж хөлсөө цувуулж байхад хүүхэд бид нохойн хошуу түүх нэрээр модны захаар сэлгүүцэж, тоглож хөөрөхийн хамгийн дээд дээрээ хүрнэ.

Ингээд бужигнаж бужигнаж, төвөөдөө бараадаж зуссан айлууд намаржаа руугаа нүүнэ. Тэгэнгүүт сумын захаар бэлчих мал, давхих адуу ч харагдахгүй хачин эзэнгүй болж, гангар гунгар хийгээд явчихна. Харин тэр цаг дор сумын гурван сургууль л дэгтэй дэггүй хүүхдүүдийн хөлд нуран алдаад л асар их хөөр хөстэй өнждөг байлаа Ийм л дурсамж юугаан санахаас сэтгэл эзэмддэг юм аа, миний нутаг. Сэвлэг хатаах зөөлөн салхитай Сэтгэл нөмөрлөсөн алсын бараатай Удам нь түүхэндээ босоо хийморьтой Унаган нутаг минь Булган хангай хэмээх яруу найрагч, продюсер Х.Соёмбын бичсэн энэхүү дууны шүлэг бол аргагүй Булганыг минь үгэнд багтаагаад илэрхийлсэн байдаг билээ. Вангийн хүрээний суурин Булган сумын түүхийг жаахан урагшлуулж үзвээс хуучин Халхын таван том хүрээний нэг болох Вангийн хүрээний суурин дээр байгуулагдсан, 390 орчим жилийн түүхтэй суурин юм. Манай суманд Диваажин, Цагаан суварга, улсын анхны цэцэрлэгт хүрээлэн, Хатанбаатар Магсаржавын бунхан зэрэг түүх болоод соёлын дурсгалт газрууд бий. Диваажинг 1905 оны орчим байгуулсан гэдэг юм. Тэгэхэд нь Далай лам өөрийн биеэр залран ирж шүншиглэж аравнайлж байсан гэнэ лээ. Тухайн үед 13 дугаар Далай лам Түвдэнжамцыг ирэхэд нь бараг дөрөв таван километрийн газраас цагаан эсгий дэвсэн, ихэс дээдсийн хэмжээнд угтан тоймгүй юм болж байсан тухай дуулсан улс нь ярьдаг юм. Далай лам буцахдаа Ханддорж вангийн хүүг дагуулан явж Бээжинд аваачсан нэгэн гунигт түүх ч давхар яригддаг.

1905 оны үед байгуулсан Диваажин

Энэхүү Диваажин гэх газар бол маш сайхан хийцтэй, сүмбэрлэсэн газар байсан даа. Сүүлийн хориод жил үхэр шөргөөж, салхи исгэрсэн эзэнгүй ханхай байсныг нь сумын гандан хийдийнхэн тохижуулан авч, сэргээн засварлаж байгаа юм билээ. Харин Майдарын голын урдах Цагаан суваргыг 1870- аад оноос Ханддорж вангийн өвөө амбан ван Цэрэндоржийн үеэс бүтээж босгосон байдаг. Халхад бас л эхний тавд ордог тийм том цагаан суваргыг байгалийн боржин чулууг засаж бүтээсэн байгаа юм. Энэ суварга 40 метр өндөр гэх. Ардын хувьсгалаас өмнө Ханд вангийн үед буга согоотой, үлгэрийн юм шиг сайхан газар байсан гэнэ лээ гэж хуучид ярихыг сонссон. Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг Эрдэнэ дайчин чин ван Мижиддоржийн Ханддоржийг ерөө сордны тансаг амьдралд өссөн гэдгээс нь үзвэл хачин тансаг газар байгаа байлгүй гэж боддог. Жанчивчойдон нэртэй энэ суваргыг хэлмэгдүүлэлтийн үед нураагаад, дараа нь харин дахин сэргээх гэж их чиг олон жил болсон. Энэ л хоёр түүхэн газар манай гэрээс ёстой таван алхмын хажууд байдаг юм. Манай Булган сум ардын хувьсгалын үед баруун зүгийн байлдааны штаб байрладаг, цагаантантай тулалдах гол ажиллагааг зохион байгуулж байсан чухал газар. Тэгэхээр ер нь энэ түүхэн талаасаа бол Ардын хувьсгалын өлгий, том голомт байсан гэж хэлэх болов уу.

Булган аймаг. Ачуут голын зах.

Ачуутын хөвөөн дэх Булган хот Эдүгээгийн Булган хойшоогоо Бугатын Хан жаргалант хүртэл, урд талаараа Орхон сум хүртэл, баруун тийшээгээ Өрөмийн нуур, зүүнтээгээрээ Дундатын гол хүртэл нутагтай. Ачуут голын хөвөөг дагасан Булган хотын шинэ үеийн түүх 1930-аад оноос хөвөрнө Тухайн үед газар тариалангийн нэг аймаг байгуулахаар болсон юм билээ. Тэгээд одоогийн Сэлэнгэ аймагт харьяалагдах болжээ. Харин нэг их удалгүй Булган аймаг тусдаа гаран, Ачуут голын хөвөөн дэх бяцхан сууринг төвхнүүлжээ. Сумын захиргаа Тамгын толгой дээр буурилж байсан гэдгийг мэдээд гайхам санагдсан сан. Одоо Тамгын толгойгоо тойроод айлууд хашаа татаад буучихсан, тэр орчмыг Шинэ хорооныхон гэх. Шинэ хороонд хоёр толгой байдгийн нөгөөх нь Хатанбаатар Магсаржавын Бунхантолгой. Ардын Хатанбаатар Магсаржавын дурсгалд зориулсан энэ бунхан Булганы бас л нэг сайхан газар юм аа. Улсын хэмжээнд анх удаа байгуулсан том цэцэрлэгт хүрээлэн манайд бий. Гурван мянган дан зулзаган модыг шугамдсан юм шиг нэг эгнээнд эрийтэл тарьсан цэцэрлэгт хүрээлэн сумын яг төвд оршино. Тэгэхэд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуай жаахан хүү гүйж байсан гэхээр нэгэн жарныг элээсэн байж таараад байгаа юм. Талбайн хоёр талаар субботникдож тэр их модыг суулгасан гэсэн.

Хангайд ургадаг бүх л ургамалтай, ус сайтай, засмал замтай, хүн амын хувьд арван мянга хол гарчихсан ийм газар орчин цагийн хөгжлийн галыг бадраах юухан байхав. Зүүн түрүүнийхэн, Хойд хороо, Шинэ хороо, Буриадын хороо, Тоосгон заводынхан тэнгэр баганадсан барилгатай, том хот болтлоо хөгжих биз ээ. 

 

 

 

Ц.БАЯРЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
tamir:nudes haragttal saihan bichjee 2018-07-23
Отгон:Ёстой ийм л нутаг даа, Сайхан бичсэн байна. 2018-07-23
zochin:ymar saikhan ym be 2018-07-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?