Нүүр   /  

ХАНБОГД ХОТЫГ ХАНБОГДЧУУД ӨӨРСДӨӨ БОСГОЖ БАЙНА

2018-07-27  

Монголын баялгийн эх, үүц задраад өдгөө 10 жилийн нүүрийг үзэхэд 3000 гаранхан хүн амтай байсан Ханбогд сум хөдөлгөөнт иргэдтэйгээ нийлээд 19.000 хүн амтай болтлоо өргөжжээ. “ХАНБОГД бол сум биш ХОТ”. Үнэндээ ингэж л хэлмээр санагдав. Олон сумдаар явж амьдрал ахуйтай нь танилцаж, иргэдтэй нь уулзаж явсан ч бүтээн байгуулалтыг ингэж хурдан хийдэг, иргэд нь удирдлагууддаа итгэл төгс, ямар нэг намын талцалгүй, хурдацтай хөгжиж буй ийм сум урьд харж байсангүй. Мэдээж Ханбогдыг Оюутолгойгоос салгаж ойлгохын аргагүй. Гэлээ ч нутгаа гэсэн чин сэтгэлээр зүтгэж буй иргэд, удирдлагуудыг хараад Оюутолгой бууриа үлдээгээд явахад ямархуу дүр зураг үлдэх вэ гэдгийг төсөөлж явлаа. Энд лав сэндийчсэн газар, ажилгүй иргэд, амьдрал нь тааруу хүмүүс үлдэхгүй байх. Харин ч бүр тов хийсэн том ХОТ үлдэх болов уу. Тэд хот болох эхний сууриа аль хэдийнэ тавьчихаж. Ингээд уншигч таныг Ханбогдоор аялуулъя.

Энэ сумыг 35000 иргэнтэй хот болгоно гэж удирдлагууд нь эрсхэн хэлнэ.   Боломжгүй гэх ч нөхцөл алга. Тэдгээр иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг хангахын тулд бүтээн байгуулалтыг дэд бүтцээс эхлэх нь зөв гэж удирдлагууд нь үзжээ. Угаас дэд бүтэц бол суурин амьдрахын гол суурь байдаг хойно. Амьдрал ид буцалж буй энэ суманд дэд бүтэц хэрхэн хөгжиж байгааг ганцхан жишээгээр л харуулъя.

Уншигч та Ханбогдод байрлах 35000 иргэнийг цэвэр усаар хангах усан хангамжийн үйлдвэрийг харж байна. 

"Усан хангамжийн үйлдвэр дотор"

12 орчим тэрбум төгрөгөөр барьсан тус үйлдвэр газрын гүн дэх хоёр худгаас усаа татаж, 6 давхар шүүлтүүрээр шүүж хэрэглэгчрүү дамжуулдаг байна. Ингэхдээ үйлдвэр дотор байрлах химийн тусгай лабораторид усыг шинжилж иргэдийн аюулгүй байдлыг хангадаг болохыг үйлдвэрийн инженер хэлсэн юм. Иргэд шүүсэн, эрүүл ус ууна гэсэн үг. Суманд ийм том үйлдвэр байгуулж болдог гэдгийг тэд харуулжээ.

“Усан хангамжийн үйлдвэрийн схемийг хянах самбараар энэ үйлдвэрийн бүх үйл ажиллагааг зохицуулдаг ”

Ханбогд суманд хэд хэдэн үйлдвэр бий. Үүний нэг “Их  Өлзийт” оёдлын цех 2010 оноос Оюу толгойн ажилчдын ХАБ-ын хувцсыг нийлүүлж байгаа аж. Тус үйлдвэр 8 жилийн дотор 50 гаран иргэнийг ажлын байраар хангажээ. Одоогоор Оюутолгойн гэрээт компаниудтай хамтарч ажиллан үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгааг тус компанийн захирал Ш.Туяа хэлсэн юм.

"Их Өлзийт" оёдлын цехийн уран гарт оёдолчин бүсгүйчүүд" 

Одоогоор тус суманд хоёр цэцэрлэг, нэг ЕБ-ын сургууль бий. Сургууль цэцэрлэг аль аль нь хүн ам өссөнтэй холбоотойгоор даац нь хэтэрчээ. Тиймээс  энэ есдүгээр сард 200 хүүхдийн багтаамжтай нэг цэцэрлэг, 640 хүүхдийн багтаамжтай нэг сургууль ашиглалтад оруулахаар шат, шатын түвшиндээ шуурхайлан ажиллаж байна.

Энд ажилгүй иргэн ховор оо. Гудмаар алхахад явган явж байгаа хүн ч харагдахгүй. Бүгд л өөрийн гэсэн бизнестэй, хөл дүүжлэх унаатай, ажилтай, хөдөлмөрч улс юм. Ханбогдын уугуул иргэн Г.Оджаргал эгчтэй бид цөөн хором ярилцахад л нутаг орондоо ямархан тэнүүн дүүрэн, амар амгалан амьдарч байгааг нь мэдэрсэн юм.

Тэрээр одоо тэтгэвэртээ гарсан ч нөхрийн хамт сумын усан хангамжийн үйлдвэрт манаачаар ажилладаг гэнэ. Тэдний гурван хүүхэд нь гурвуулаа Оюутолгой ХХК-д ажиллаж, амьдрал нь эрс сайжирсан хэмээн бидэнд ярив. Г.Оджаргал эгч “Манай суманд ажилгүй хүн гэж бараг байхгүй. Айл бүрээс нэг хоёр хүн Оюутолгойд ажилладаг. Түүнээс гадна үйлдвэр үйлчилгээ, зам талбай маш сайн хөгжиж, суурин амьдрах хүмүүс ч нэмэгдэх болсон. Энэ эрчээрээ цаашаа явбал манай сум 5 жилийн дараа л гэхэд хот болчихно” хэмээн бахархангуй ярьсан юм. 

Ханбогдын сум дундын эмнэлгийн амбулториор жилдээ 15 мянга орчим иргэн үйлчлүүлдэг. Харин ЕБ-ын сургуульд нь 1100 орчим хүүхэд сурч, 70 орчим багш ажилчид ажиллаж байгаа аж. Хөгжиж буй газрыг зөвхөн бүтээн байгуулалтаар дүгнэх нь өрөөсгөл. Хүн хөгжиж гэмээнэ улс хөгждөг зарчим бий. 

"Ханбогд сумын сум дундын 50 ортой эмнэлэг"

Тиймээс нутгийн удирдлагууд хамгийн гол салбар болох дээрх хоёр салбарын ажилчдыг жил бүр гадагш сургаж эсвэл гаднаас мэргэжилтэн урьж туршлага судлан, ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлдэг тухай эмч багш нар нь сэтгэл дүүрэн ярьж байв. Ер нь багш, эмч нарыг тус сумаас сонгогдсон, аймгийн ИХ-ын тэргүүлэгч Б.Эрдэнэ-Очир гэх хүн их дэмждэг талаар ч бидэнд хэлсэн юм. 

Энд хувь хүний хөгжлийг дэмжсэн, хүнрүүгээ чиглэсэн олон байгууллага, үйл ажиллагаа явагддагийг харлаа. Хамгийн наад захын жишээ л гэхэд Ханбогд сумын  Залуучуудын Хөгжлийн Төв.

Тус төвд оюутан, сурагчид интернетэд суух, номын сангаар үйлчлүүлэх, гитар заалгах, мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж үерхэл, нөхөрлөлийн талаар зөвлөгөө авах,  төвөөс зохион байгуулсан бүх үйл ажиллагаанд оролцох гээд бичээд байвал дуусахгүй их боломжоор хангагддаг аж. Биднийг очиход шинэхэн оюутнууд тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар мэдээлэл авч байсан юм. Эдний суманд сурч хөгжиж чадахгүй байгаа хүүхэд, залуучууд  байхгүй л болов уу гэх бодол зурвасхан төрлөө.

"Залуучуудын хөгжлийн төвд интернетээр үйлчлүүлж, хувь хүний хөгжлийн хичээл заалгаж байгаа сурагчид"

"Залуучуудын хөгжлийн төвийн багш, ажилчид"

"Энд 40 айлын таван давхар орон сууц нэг бий"

Орон сууцны эрэлт хэрэгцээний талаар тус сумаас сонгогдсон, аймгийн ИХ-ын тэргүүлэгч Б.Эрдэнэ-Очир “Ханбогдыг хот болгохын тулд дэд бүтэц, орон сууц хамгийн нэгдүгээрх асуудал. Оюутолгой компанийн мянга мянган ажилчдыг нутагтаа суурьшуулах үндсэн санаа, зорилготой холбоотой орон сууцны хэрэгцээ шаардлага их байгаа. Бид удирдлагын зүгээс газар зохион байгуулалт гэх мэт хэрэгцээтэй бүхнийг компаниуддаа нааштайгаар шийдэж өгч байгаа” гэлээ. Суман дахь барилгын компаниуд орон сууц барьж эхэлж байгаа нь энэ.

"Уужим од ХХК-ийн барьж буй 600 айлын орон сууц"

Одоогийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа 600 айлын орон сууц баригдаж эхэлсэн цагаасаа захиалга тасрахгүй байгаа аж. Энэ бол хөгжиж буй Ханбогд суманд дахь бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг билээ. 

Дээр дурдаагүй сум дундын мал эмнэлэг, төв цэвэлэх байгууламж, боловсролын төв, цэвэр усны үйлдвэр, оёдлын цех, бууз банш, хиамны үйлдвэрүүд гээд 100 гаруй аж ахуй нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүгд ганцхан суманд байна гэхээр говийн ард түмний бүтээлч, ажилсаг, нутгаа хөгжүүлэх гэсэн чин сэтгэл цаад талд нь харагдаж байх. Хөгжье л гэвэл хаана ч юу ч байгуулж болно гэдгийг ч мөн удирдлагууд нь баталж байгаагийн жишээ юм.

"400 хүний суудалтай сумын соёлын төв"

Иргэд хогоо ангилж хаядаг.  үүнийг нь хогны менежмэнтийн газар руу ачдаг гэнэ. 

Уул уурхайг дагаж хөгжиж байгаа юм аргагүй гэж хүмүүс хэлдэг гэнэ. Гэхдээ уурхайд хөрсөө идүүлж, баялгаа цөлмүүлж, хоосон шороотой үлдсэн аймаг, сум манайд олон бий. Харин Ханбогд бол сайн удирдлага, нэгдмэл иргэдийн хүчээр хэдхэн жилийн дотор өндийгөөд ирэх үлгэр жишээ сум болох нь дээ гэсэн гэгээн бодол тээсээр бид нийслэл хотоо зорилоо. Биднийг нийслэлийн минь өмхий үнэртэй цэвэрлэх байгууламж, байнга халуун ус тасардаг усан хангамжийн систем, аз нь таарвал сугалаагаар цэцэрлэгт ордог бцяхан хүүхдүүд,  авлигад идэгдсэн ЕБС-ийн сургуулиуд угтаж авсан юм. Яаагаад ч юм Ханбогдод сайхан амьдрал байна, буцъя гэж бодогдсоныг нуух юун билээ. 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zolbayr zoloo :yaasan goy bichee wee gaihaltai hodolmorch humuus yuma 2018-07-27
сссс:энэ тэгээд сум юм уу эчвэл хот юм уу 2018-07-27
Enkhtur:300 huntei bgaaa gui shu. 2018-07-27
Enkhtur:Barimttai yum bicheerei 2018-07-27
Сүрнээ:Ямар гоё хот вэ, очиж амьдармаар санагдаад явчихлаа хэхэ 2018-07-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?