Р.ПҮРЭВДАГВА ДАНШГИЙН ДАРХАН АВАРГА БОЛЛОО

2018-08-06  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам  хүй долоон худагт болж өндөрлөлөө.

Энэ жилийн “Даншиг наадам- Хүрээ цам 2018” наадмын үеэр дашигийн цол чимэг олгох  хүчит  бөхийн барилдаан явагдлаа. Бөхийн барилдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат  даншигийн даян аварга Р.Пүрэвдагва, Булган аймгийн Орхон сумын харьяат даншигийн заан Б.Түмэндэмбэрэл, Булган аймгийн Могод сумын харьяат даншигийн өсөх идэр начин Э.Энхбат нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодоглов. Харин өнгөрсөн жилийн үзүүр бөх Завханы Их-Уул сумын харьяат даншигийн заан Б.Гончигдамба барилдсангүй. Даншиг наадмын бөхийн барилдаан сугалаагаар явагддаг учраас нэгийн даваанд том цолтнууд хоорондоо таарах магадлал өндөр байдаг. Энэ чанараараа бөх сонирхогчдын анхаарлыг татдаг юм.

Энэ удаагийн барилдаанд АРхангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат даншигийн даян аварга Р.Пүрэвдагва найм давж түрүүлж даншигийн дархан аварга цол хүртлээ. Тэрээр “Даншиг наадам-Хүрээ цам”-ын хүчит бөхийн барилдаан  дөрвөн жил зохион байгуулагдахад дөрвөн удаа түрүүлж байна. Харин Ховд аймгийн Буянт сумын харьяат даншигийн начин О.Хангай долоо даван үзүүрлэж даншигийн заан цол хүртсэн юм.

Бөхийн барилдааны их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат  Б.Бат-Өлзий, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Л.Лха-Очир нар шалгарч даншигийн өсөх идэр начин цолны болзол хангажээ.     

Мөн Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Ж.Бат-Эрдэнэ Булганы Д.Амаржаргалаар, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч Сүхбаатар аймгийн харьяат даншигийн начин Бо.Батжаргалаар, Увс аймгийн харьяат Б.Баянмөнх даншигийн начин Д.Амарсайханаар тус бүр тав давж даншгигийн начин цолны болзол хангажээ.  

Энэ наадмын онцлох барилдаан гурвын даваанд даншигийн даян аварга, улсын арслан  Р.Пүрэвдагва, улсын арслан П.Бүрэнтөгс нарын хооронд явагдсан. Хоёр бөхийн барилдаан   удааширч баруун золгоход Р.Пүрэвдагва өрсөж мордоод дэвсэн юм. Гэсэн ч П.Бүрэнтөгс “барьцаа гүйцэд  аваагүй  байсан” гэж маргасан ч хөлийн цэц засуулууд Р.Пүрэвдагвад малгайг нь өгч туг тойруулав. Эсэргүүцсэн П.Бүрэнтөгс араас нь туг тойрсон ч дөрвийн даваанд гарч ирсэнгүй. Мөн энэ даваанд Хэнтий аймгийн Өмдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд  Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа нар оноолт таарч Э.Оюунболд даваа авсан юм. Тэрээр наадмын тавын даваанд Ховд аймгийн харьяат Б.Бат-Өлзийд  дунгуйлдаж татуулж унаснаар наадмаа өндөрлүүлсэн.

Өнөө  жилийн улсын их баяр наадмаар амжилттай барилдаж харцага цол хүртсэн хүчитнүүд болох Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Ш.Мөнгөнбаатар

Завхан аймгийн Отгон сумын харьяат Т.Бэгзсүрэн нар хоёрын даваанд оноолт таарсан.  Шинэ цолтнуудын барилдаанд Т.Бэгзсүрэн  төвөггүйхэн  давж туг тойрсон юм. Завханыхан залуу харцагаа өндөр даваанд  харж байсан ч дөрвийн даваанд Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэд  давхар ачуулаад жинтэйхэн газардаж харагдана лээ.  

Даншиг наадам хүрээ цамын үеэр их насны хурдан морьдын уралдаан бол    Монгол Улсын алдарт уяач  Занабазарын Батбаярын хээр морь түрүүлжээ. Аман хүзүүнд   Сүхбаатар аймгийн  Баяндэлгэр сумын харьяат  Дамдинсүрэнгийн Амармэндийн зээрд, гуравт  Говь-Алтай аймгийн  Дарви сумын харьяат Цэгмэдийн Гончигсүрэнгийн хээр,  дөрөвт Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат  Өлзий-Оршихын хүрэн, айргийн тавд Говь-Алтай аймгийн  Шарга сумын харьяат  Намжилын Даваанямын бор морь хурдалсан байна.

“Даншиг наадам Хүрээ цам- 2018”-ийн үеэр жороо морины уралдаан явагдсан нь олон хүний анхаарал татав. Нийт 22 морь урдаж  Булган аймгийн Рашаант сумын харьяат Д.Жаргалсайханы цавьдар морь түрүүлж торгон жолоо өргүүлжээ. Аман хүзүүнд  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Галбадрахын хээр үрээ хурдалсан байна.  Айргийн гуравт  Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ц.Сүхбаатрын бор, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Лхамсүрэнгийн зээрд, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Мөнхбаярын хар алаг айргийн тавд орсон юм.

 

Д.НЯМАА 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?