10 ЖИЛИЙН ӨМНӨ “АВРАЛ АВЧИРСАН АЛТАН МЕДАЛЬ”

2018-08-14  

8-р сарын 14-ний өдрийг  монголын жудо бөхийн шигшээ багийнхан  “Жудочдын өдөр” хэмээн нэрийддэг. Одоогоос яг 14 жилийн өмнө 2004 оны наймдугаар сарын 14-нд Афины олимпод оролцсон Монголын баг тамирчдаас Х.Цагаанбаатар ганцаараа хүрэл медаль хүртэж, эр бяр, ухаан самбаагаараа монгол түмнийхээ бахархлыг төрүүлж байсан.

Тэгвэл 2008 оны наймдугаар сарын 14-нд Найдангийн Түвшинбаяр даян дэлхийн спортын их баяр наадам-зуны олимпийн XXIX наадмын жудо бөхийн төрөлд алтан медалийн эзэн болж,  Монгол Улсын түүхэнд анх удаа олимпийн аварга хэмээх эрхэм дээд алдрыг хүртсэн билээ. Мөн тэр өдрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнуулсан юм.

Нөгөө талаас Монгол улсын гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярын хүртсэн алтан медалийг “Аврал авчирсан алтан медаль” гэж  нэрлэж  ч болно.

Тодруулбал, 2008 онд  манай улс хар бараан хийгээд  гэрэл гэгээтэй олон үйл явдлыг түүхэндээ бичиглэн үлдээсэн билээ. Алдарт  7 сарын 1-ний үймээн. Аваргын алтан медаль гэх эрэмбээр цааш үргэлжилнэ.   Өдийг хүртэл далд зохион байгуулагчтай хэмээн сэжиглэгдэж, олон арван эрхмүүдийн нэрс тэрхүү жагсаалтад явсаар байгаа  эл үймээнтэй холбоотойгоор Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 4 хоногийн онцгой байдал зарлах дээрээ хүртэл тулж байв. Тухайн үед Хууль зүйн яамны сайд байсан Ц.Мөнх-Оргилын нэр тэнгэрт тултлаа хар бараанаар будагдаж, монгол түмний дотоод уур хилэн, улс төрдөө хонзогносон бухимдал олон хүн амийг авч одсон эл өдрийг монголчууд хэзээ ч мартах ёсгүй. Хэн ч урьдчилан тооцоолж чадаа­гүй тэр их уур бухимдал, уулгалан дайралт хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй, нийгэм тэр чигээрээ айдас хүйдэст автан, дүлий дүмбэ оргиж байх тэр үед Н.Түвшинбаяр олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Энэ баярт мэдээ чухамдаа нийгмийн бүгшмэл уур амьсгалыг тэр чигт нь эвдсэн гэж  хэлж болно. Олимпийн аваргыг эх орондоо хүрэлцэн ирэхэд Монголчууд төв талбайдаа угтан авч, дарга цэрэг, траншейний  гэлтгүй хамсан нэгдээд,  нэг шөнө “Зад архидаж” байв. Тухайн үед улс төрийн сонгуулийн маргаантай асуудлаас болж, “Чи булхайцлаа, Би  зүтгэнэ” дээрээ тулж, хэвлэл мэдээллээр дамжуулан тасралтгүй хэрэлдсээр байсан АН-ын дарга асан Ц.Элбэгдорж, Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хоёр хүртэл төв талбайд шал согтуу тэврэлдсэн байдалтайгаар парпарацийн дуранд өртөж, шуугиан тарьж байлаа.  Улмаар улс төрчдийн согтуу зургууд цахим хуудсуудаар нэг тарж, Н.Энхбаярын хэлсэн “БИ АЗТАЙ МОНГОЛ ХҮН” хэмээх үг нэгэн хэсэгтээ л моодонд орсон.

Дэвэргэж хэлбэл тэр үдшийн баярыг "Эв Нэгдэл"-ийн цэнгүүн гэж нэрлэсэн ч болно. Олны хэл ам, элдэв цуу ярианаас дөлж, хамтын амьдралаа нууцалж байсан  кекюшүзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар  тэр л  үдэш олонд "гардуулж", С.Баярын сайхан ааш хэрээсээ хэтрэн,  хүн хүн тэвэрч зургаа авахуулсан гээд дурсаад байвал олон зүйл бий. Өөрөөр хэлбэл эл өдрийн ачаар олимпийн аваргыг угтан авсан баярын үдэш монголчууд ямар ч нам эвсэл, үзэл бодлын зөрүү хийгээд ядуу хоосны эрэмбэ зэрэглэлээс бүрэн ангижирч чадсан юм.  Ийнхүү 8-р сарын 14 хэмээх эргэх цагийн нэгэн өдөр Олимпийн тэнгэрт Монголын төрийн далбаа намирч, төрийн дуулал эгшиглэлсэн тэр л мөч  тухайн цаг үед үүсээд байсан улс төрийн бүгшмэл байдлыг эвдэж, монголчууд эв санааны нэгэн нэгдэлд зохицон амьдрахуйн чухлыг сануулаад авсан билээ. 

Чухамдаа  нэгэн цагт эл өдрийг монголчууд бие биедээ зөвхөн сайн сайхныг хүсэн тэвэрдэг тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэхийг хэн ч үгүйсгэхгүй, түүхэн ач холбогдолт өдөр билээ. Эдүгээ Монгол Улсын ерөнхийлөгч улс төрийн ертөнцөд хамт буцалж явсан эрхэм нөхөр Н.Энхбаярыг хэлцлийн ширээний ард дуудаж, нөхөрсөг уулзалт зохион байгуулж болмоор , тийм  хошин мэдрэмж төрнө.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга