XVIII Азийн зуны спортын наадам энэ сарын 18-наас ирэх сарын 02-нд Индонез улсын Жакарта, Палэмбан хотод болно.
Энэ удаагийн наадамд 45 орны 10 мянга гаруй тамирчин спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх юм. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцоно.
Тус наадамд оролцох манай чөлөөт бөхийн баг тамирчид пүрэв гарагт буюу энэ сарын 16-нд Индонезийг зорих юм. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д МУГТ Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо, 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д МУГТ П.Орхон, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 76 кг-д МУГТ О.Насанбурмаа нар зодоглоно. Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч П.Гансүх, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Л.Болормаа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм. Чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 19-22-нд “Jakarta Convention Center”-т болно.
Монголын чөлөөт бөхийн тамирчид “Тегеран-1974” Азийн наадмаас эхлэн оролцсон бөгөөд 10 алт, 16 мөнгө, 22 хүрэл, нийт 48 медаль хүртээд байна.
Д.НЯМАА