Азийн наадмын чөлөөт бөхийн төрлийн тэмцээн өчигдөр эрэгтэйчүүдийн барилдаанаар эхэллээ. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн гавьяат тамирчин Э.Бэхбаяр алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Тэрбээр Тажикистаны Хикматулло Вохидовыг 7:0-ээр, БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр, Узбекистаны Махмуджан Шавкатовыг 5:4-өөр тус тус ялсан. Харин хагас шигшээд насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ираны Реза Атриг 8:2-оор илүүрхсэн юм.
Э.Бэхбаяр алтан медалийн төлөө өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга, Ази тивийн аварга БНАСАУ-ын Кан Кум Соныг 8:2-оор илүүрхсэн юм.
Хойт Солонгосын тамирчин хэсгийн барилдаанд өнгөрсөн оны дэлхийн аварга Японы бөх Юки Такахашиг 9:4-өөр хожсон юм.
86 кг-д Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, нэг хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга "Алдар" спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн эхний даваанд БНХАУ-ын Би Шенфенг, удаах даваанд Туркменистаны Азат Гажиев нарыг тус бүр цэвэр ялсан. Шилдэг наймд шалгарсан манай бөх “Будапешт-2013” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Рашид Курбановыг 6:2-оор хожсон юм. Харин хагас шигшээд олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданитай хүч үзэж ялагджээ. Манай бөх хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхийг ялсан.
Мөн 65кг-ийн жинд хүч үзсэн “Алдар” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай амжилттай барилдаж хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан ч ялагдал хүлээсэн .
Тэмцээний 74 кг-д хүч үзсэн Гуанжоугийн Азийн наадмын аварга гавьяат тамирчин Г.Мандахнаран эхнй даваанд БНХАУ-ын бөхийг ялсан ч хоёрдугаар тойрогт өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Японы бөх Юхи Фүжинамид 13:2-оор хожигджээ.Мөн олон улсын хэмжээний мастер олон улсын хэмжээний мастер Ө.Батзул Өмнөд Солонгосын бөхөд 3:2-оор хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ.
Өнөөдөр оюутны дэлхийн аварга олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга, олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж, Л.Төртогтох, Азийн аваргын мөнгөн медальт, улсын харцага Н.Золбоо нар дэвжээнд гарна.
Д.НЯМАА