Эмэгтэй чөлөөт бөхийн хүнд жингийн барилдаан Азийн наадмын гурав дахь өдөр явагдлаа. Эмэгтэйчүүдийн 68 кг-д олон улсын хэмжээний мастер Шархүүгийн Түмэнцэцэг, 76 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар зодоглосон юм.
Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт Ш.Түмэнцэцэг эхний тойрогт хийлж, дараа нь Энэтхэгийн бөх Какран Дивяг 11:1-ээр оноогоор цэвэр ялсан. Хагас шигшээд Тайванийн бөх Чен Венлинийг мөн 10:0-ээр буюу оноогоор цэвэр хожсон юм.
Харин аваргын алтан медалийн төлөө Инчёны Азийн наадмын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн хошой аварга Зоу Фентэй учраа таарсан. Барилдааны явцад манай тамирчны мөрний бэртэл сэдэрч, эмчийн тусламж авсан юм. Эмч түүнийг барилдаанаа зогсоох хүсэлтэй байгааг лавлахад манай бөх үргэлжлүүлэхээр болжээ. Гэхдээ үлдсэн хугацаанд алдсан оноогоо нөхөж чадалгүй, 4:1-ээр ялагдаж, мөнгөн медалийн эзэн боллоо.
Харин гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа хүрэл медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Киргизийн бөхөд хожигдож шагналт тавдугаар байр эзэлжээ.
Д.НЯМАА