Азийн наадамд оролцож өрсөлдөж буй сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг шийдвэрлэх тоглолтоо дэлхийн чансааны 72 дугаарт эрэмбэлэгдэж буй талбайн эзэн Индонезийн багтай хийлээ. Хэсгийн сүүлийн тоглолтод долоон онооны зөрүүтэй хожих даалгавартай талбайд гарсан Монголын шигшээ баг 74:69-өөр хожсон ч тэмцээнээ өндөрлүүлэхээр болж байна. Тоглолтын гуравдугаар үеийн эхэнд манай сагсчид 18 оноогоор тэргүүлж байсан ч дөрөвдүгээр үед тааруу тоглосон юм.
Тоглолтын хоёрдугаар үед олон улсын хэмжээний мастер Б.Билгүүн шилдэг тоглолт үзүүлж хоёр ч цагирган дээрээс довтолж багаа сэргээсэн. Үүний дараа Т.Санчир ээлж дараалсан гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн. Гуравдугаар үед Монголын баг онооны тэргүүллээ баталж 55:37 болгосон. Гэхдээ үеийн төгсгөлд гурван алдаатай байсан Б.Билгүүнийг дасгалжуулагч Ш.Сэдбазар суулгасангүй. Улмаар Б.Билгүүн хоёр алдаа дараалж гаргаснаар талбайг чөлөөлсөн юм. Ахлагчийн эзгүйд Монголын шигшээ багийн хамгаалалт нимгэрч, довтолгооны сонголт цөөрсөн. Үр дүнд нь Монгол таван оноогоор хожсон ч шигшээ наймд шалгарахад хоёр оноо дутсан юм. Энэ өдөр Т.Санчир 28 оноо 10 самбар, Б.Билгүүн гурван үе тоглохдоо 17 оноо зургаан самбар авч багаа тэргүүлжээ.
Харин Хонконгийг хожиж шилдэг наймд шалгараад байсан эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайванийн багт 76:59-өөр хожигдлоо. Манай баг тамирчид одоо долдугаар байрын төлөө өрсөлдөнө.
3х3-ын залуус хэсгийн шатнаас шалгарч чадсангүй
Хэсэг тэргүүлж орсон 23 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид хэсгээсээ шалгарч чадсангүй. Манай баг БНСУ, Тайвань, Киргиз, Бангладешийн багуудтай нэг хэсэгт орж өрсөлдсөн юм. Эхний тоглолтод Тайваньд 15:19-өөр дийлдсэн манай залуус Киргиз болон Бангладешийг дараалан хожсон ч хэсгийн сүүлийн тоглолтод БНСУ-ын багт 21:9-өөр хожигджээ. Энэ хэсгээс БНСУ-ын баг нэг ч хожигдоогүй бол Тайванийн шигшээ баг нэг ялагдсан үзүүлэлтээр шилдэг наймд шалгарчээ.
Эмэгтэй 3х3-ын баг хэсэгтээ Япон, Тайваньд хожигдож Балбыг ялсан үзүүлэлтээр мөн л хасагдах шатанд шалгарч чадсангүй.