М.УРАНЦЭЦЭГ 11 ДЭХ МЕДАЛИЙГ АВЧИРЛАА

2018-08-30  

Индонезийн Жакарта хотод үргэлжилж буй Азийн спортын 18 дугаар наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаанууд болж өндөрлөлөө.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд дөрвөн жилийн өмнө Инчоны Азийн наадамд түрүүлж байсан дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг барилдаж хүрэл медаль хүртлээ. Манай бөх мөнгөн медалийн төлөөх барилдаанд 2016 оны олимпийн наадмын мөнгөн медальт Жон Бо Кёонд нэмэлт цагт ваззари үнэлгээ алдаж ялагдсан юм. М.Уранцэцэг 2016 оны олимпийн наадмаар энэ бүсгүйд хожигдож байсан билээ. Харин хүрэл медалийн төлөө Ардчилсан Солонгосын Жон Ю Суныг хожсон юм. Энэ жинд алтан медалийн БНСУ-ын Жон Бо Кёон, мөнгөн медалийг дэлхийн аварга Конда Ами, хүрэл медалийг Казахстаны тамирчин Галбадрахын Отгонцэцэг нар хүртсэн юм.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д спортын мастер Г.Ганцэцэг барилдаж эхний тойрогт хийлж, удаах тойрогт Туркмений Г.Бабамуртаоваг ялсан. Харин мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөх Пак Да Солтой барилдсан ч өчүүлж цэвэр ялагдсан байна. Тэрбээр хүрэл медалийн төлөө Тайландын тамирчин Качкорн Уарашиатай барилдаж тохуулаад цэвэр буучихав. Энэ жинд Японы Нацуми Цунада алт, БНСУ-ын Пак Да Сол мөнгөн медаль зүүжээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Роигийн олимпийн наадмын хүрэл, 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Узбекистаны тамирчин Диорбек Урозбоев алтан медалийн төлөөх барилдаанд Японы шилдэг тамирчин Тору Шишимэг нэмэлт цагт хожиж төрийн дууллаа эгшиглүүлэв.  Хүрэл медалийг Тайванийн залуу тамирчин Янг Ю Ве, БНСУ-ын Лее Харим нар зүүсэн юм. Энэ жинд зодоглосон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт гавьяат тамирчин Д.Амартүвшин БНСУ-ын Лее Харимд үүрүүлж цэвэр ялагдсан байна. дагах тойрогт шилжсэн тэрбээр  Тайвань залуу Янг Ю Вег барсангүй.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт БНСУ-ын тамирчин Ан Баулыг зогсоох тамирчин энэ өдөр барсангүй. Япон залуу тамирчин Ёшира Маруяамаг хожиж алтан медаль зүүсэн юм. Хүрэл медалийг Казахстаны Елдес Жумаканов, Киргизийн Те Артур нар хүртжээ. Энэ жинд хүч үзсэн оюутны универсад наадмын дэд аварга олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр эхний даваанд Тайландын бөхийг ялсан ч Казахстаны Жумаканов, Киргизийн Те Атур нарт ялагдаж хоосон хоцорлоо.  

Сонирхуулахад дөрвөн жилийн өмнө зохион байгуулагдсан Инчоны наадмын жүдо бөхийн тэмцээний  эхний өдөр гавьяат тамирчин М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг нар алтан медаль зүүж байсан юм. Харин дэлхийн аварга Г.Болдбаатар дэлхийн аварга Елдес Стетовт хожигдож мөнгөн медаль хүртэж байсан билээ. Манай жүдочид Жакартагийн татамид энэ амжилтаа баталж хараахан чадсангүй.

 

 

 

Д.НЯМАА

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?