ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өчигдөр Якутад эхэллээ. Тэмцээний эхний өдөр 57,65,74,86,97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болж байгаа юм. 65 кг-ын жинд Арслан клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Төмөр-Очирын Тулга аваргын төлөө барилдахаар шалгарч үлдлээ. Тэрээр Красноярскийн Николай Донзаленко, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, Рио-2016 олимпийн наадмын мөнгөн Японы Рей Хигүчи нарын шилдгүүдийг ялж их шөвөгт шалгарсан юм. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд Буриадын Баяр Цыреновыг 13 : 2-оор ялжээ. Манай бөх өнөөдөр Виктор Рассадинтай алтан медалийн төлөө барилдана.
Мөн 97 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Өлзийсайханы Батзул нар хагас шигшээд шалгарлаа. Ө.Батзул Красноярскийн Юрий Белоновский, Македоны Магомедгажи Нуровыг ялж хагас шигшээд Красноярскийн Эрик Жиоевтой барилдана.
74 кг-д хүч үзсэн гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд эзэн орны Герман Устиновт, 86 кг-д олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн шөвгийн наймд Ираны Акбар Базригалехт ялагджээ. Тэдний өрсөлдөгчид шигшээд шалгарвал манай тамирчид дагаж хүрэл медалийн төлөө барилдана.
Д.НЯМАА