Шатрын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Гебзе хотод өчигдөр эхэллээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 20 хүртэлх насны нийт 65 орны 263 шатарчин, 194 олон улсын цолтон нээлттэй болон охидын гэсэн хоёр ангиллаар өрсөлдөж байна.
Монгол эх орноо төлөөлөн охидын ангилалд өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Титэм” компанийн тамирчин, эмэгтэйчүүдийн их мастер Д.Номин-Эрдэнэ, “Дагшаахүү” клубийн тамирчин олон улсын шатрын холбооны мастер Б.Алтантуяа нар оролцож байгаа юм.
Харин нээлттэй ангилалд сурагчдын дэлхийн аварга Д.Батсүрэн, шатрын сурагчдын дэлхийн аварга, олон улсын шатрын холбооны мастер Г.Амартүвшин, ОУШХМ Б.Гарьмагнай, Ү.Агьбилэг Хэнтий аймгийн тамирчин ДМ Э.Нямбилэг нар оролцож байна. Тэмцээн Швейцар системээр 11 тавилд өрсөлдөн энэ сарын 16-ний өдөр дүнгээ гаргаж шилдгүүдээ тодруулна.
Д.НЯМАА