Өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлэн иргэд эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болж байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягаас тодрууллаа.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэхээр заасан байдаг. Мөн хүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн өвчнийг эрт үед нь илрүүлэх товлолт үзлэгийн бодлого, тэргүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тодорхойлдог. Дээрх бодлого, чиглэлийг үндэслэн ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах урьдчилан сэргийлэх багцыг боловсруулсан. Урьдчилан сэргийлэх үзлэгт 18-аас дээш насны иргэд хамрагдах бөгөөд иргэдийн нас, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн хамрагдвал зохих оношилгоо, шинжилгээг багтаан насны онцлогоор нь багц болгосон.
-Насны ангиллын хувьд ямар байгаа вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах урьдчилан сэргийлэх үзлэгийн багцыг 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш гэсэн насны ангиллаар боловсруулсан.
-Урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана гэсэн. Энэ үнэн үү?
-Иргэд эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Эдгээр насны ангилалд хамрагдах боломжтой хоёр сая гаруй иргэд байгаа. Тухайн насны бүлэгт нь таарсан дэлхийн нийтэд хийгддэг Монгол Улсад зонхилон тохиолдох өвчтэй уялдуулсан ямар урьдчилан сэргийлэх үзлэг байх вэ гэдгийг сонгосон. Тухайн насны бүлэгт таарсан урьдчилсан байдлаар 43-71 мянган төгрөгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багц гарч ирсэн. 46-64 болон 65-аас дээш насны иргэдийн хувьд ерөнхий болон хавдрын гэсэн хоёр багцтай. Аль нэгийг нь сонгож хийж байгаа.
-Хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Хугацаа байхгүй. Тухайн иргэн өөрийнхөө насанд тохирсон шинжилгээнд хамрагдаад явна гэсэн үг.
-Энэхүү үзлэгт хамрагдахын тулд иргэд хаана, ямар бичиг баримттай очих вэ?
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулах журам баталсан. Энэхүү журамд иргэд иргэний үнэмлэх болон амбулаторийн картаа аваад өөрийн харьяа өрх, сум, тосгоны эмнэлэгт очиж болно. Түүнчлэн, хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэгт очиж болохоор байгаа. Тиймээс өөрийн харьяа хороо, дүүргийнхээ анхан шатны байгууллагад очиж урьдчилан сэргийлэх үзлэгт орох боломжтой. ЭМДЕГ-тай гэрээтэй бүхий л байгууллагаар харьяалал харгалзахгүй хамрагдах боломжтой. Гэхдээ харьяалалтай байгаа хүмүүс харьяаллын дагуу л хамрагдаасай гэж хүсч байна.
-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй хэчнээн байгууллага байдаг вэ. Эдгээр байгууллагын мэдээллийг хаанаас авах боломжтой юм бол?
-Эрүүл мэндийн даатгалын байгууллага 1600 орчим эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээтэй байдаг. Үүнээс 300 орчим нь сум, өрх, тосгоны анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд байгаа юм. Тэгэхээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын тулд томоохон цөөхөн хэдэн эмнэлэгт дугаарлахаас илүү өөрийн харьяа газраа үзлэгт хамрагдаад, цаашид нарийвчлан хийх шинжилгээнүүдээ мэргэшсэн эмнэлгүүдэд очиж хийлгэх бүрэн боломжтой. Манай байгууллагатай гэрээтэй байгууллагын талаарх мэдээллийг ЭМДЕГ-ын вэб сайтаас авах боломжтой.
18-34 нас /БЗХӨ-ийг илрүүлэх, сүрьеэ, уушгины хавдар, дотор эрхтний өвчлөлийг илрүүлэх багц шинжилгээ/
35-45 нас /Зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, дотрын өвчин, даралт ихсэх өвчнийг тодорхойлох, чихрийн шижин өвчнийг илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ/
46-64 нас /Зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, дотрын өвчин, даралт ихсэх, чихрийн шижин өвчнийг илрүүлэх, түрүү булчирхайн өвчлөл, улаан хоолой, ходоодын үрэвслийг илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ/
65-аас дээш /Зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, дотрын өвчлөл, нүдний үзлэг, улаан хоолой, ходоодны үрэвслийг илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ/
Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол
Эрт илрүүлгийн үзлэгт орсноор хүрэх үр дүн