Индонезийн Жакарта хотод болж буй Пара Азийн III наадмын байт харвааны төрөлд өрсөлдөж байгаа Б.Оюун-Эрдэнэ хагас шигшээд үлдэж, медалийн төлөөх шийдвэрлэх харвааг өнөөдөр хийнэ.
Тэрбээр пара байт харвааны төрөлд оролцож байгаа ганц эмэгтэй харваач бөгөөд рекурв 70 метрт харвадаг. Б.Оюун-Эрдэнэ 10 дугаар сарын 7-ны өдөр болсон чансаа тогтоох харваанд 536 оноогоор тавдугаар байраар шалгарсан. Харин хасагдах шатанд Иракын тамирчин Ал Саэди Заманыг 5:3-аар хожиж, мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын Чүн Янд дийлдэн хүрэл медалийн төлөө харвахаар болжээ.
Түүний өрсөлдөгч БНСУ-ын Жу Жан Мү юм. БНСУ-ын харваач урьдчилсан харваанд 529 оноо авч зургадугаар байраар шалгаран Японы тамирчинг хожсон байна. Мөн холимог багийн төрөлд Б.Оюун-Эрдэнэ, Н.Мөнхбаатар нар өрсөлдөж байгаа юм. Тэдний шийдвэрлэх харваа маргааш болно.
Б.Оюун-Эрдэнэ "Рио 2016" паралимпийн наадамд холимог багийн төрөлд 40 баг оролцсоноос шагналт IV байр эзэлсэн юм. Пара байт харвааны дасгалжуулагчаар Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав болон Б.Золбоо нар ажиллаж байна.
“Жакарта 2018” Азийн III паралимпийн наадамд оролцож байгаа Монгол Улсын баг тамирчдаас жүдо бөхийн төрөлд А.Мөнхбат хүрэл медаль, хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртээд байна.
О.ДАШ