Арабын Нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд энэ оны эхэнд ирүүлсэн билээ.
Тус улсаас эрэгтэйчүүдийн -66кг-д олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, эрэгтэйчүүдийн -81кг-д Н.Дагвасүрэн, 100-кг-ын жинд барилддаг олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэн нарыг өөрийн нэр дээр барилдуулах хүсэлт гаргасан. Гэвч тэдний хийсэн гэрээ хэлэлцээр цуцлагдаж, эх орныхоо нэрийн өмнөөс барилдахаар болсон байна. Ямар учраас хийгдсэн гэрээ нь цуцлагдсан нь тодорхойгүй бөгөөд Абу Даби гранд сламд Монгол Улсын өмнөөс зодоглох тамирчдын бүрэлдэхүүнд багтсан байна.
Сонирхуулахад Д.Төмөрхүлэг Азийн наадамд түрүүлж байсан бол Н.Дагвасүрэн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль зүүж байсан юм.
О.ДАШ