ТҮМЭНБИЛЭГИЙН ТҮВШИНТУЛГА ЭХНИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ЗҮҮВ

2018-10-22  

“Будапешт-2018” бөхийн төрлүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхэлсэн билээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болж Кубын Йовлес Бонне, ОХУ-ын Заурбек Сидаков, АНУ-ын Дэвид Тэйлор анх удаа дэлхийн аварга болж, Гүржийн Гено Петриашвили аваргаа хамгаалжээ.

61 кг: Өнгөрсөн жил Парист үзүүрлэсэн ОХУ-ын Гажимурад Рашидов энэ жинд алтан медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай бөхөөр яригдаж байсан. Тэгвэл түүнийг Дэлхийд хоёронтоо хүрэл медаль зүүж байсан Кубын хашир туршлагатай бөх Йовлес Бонне шигшээ барилдаанд 5:5-аар ялж харих яагаа ч үгүй гэдгээ харуулан 35 настайдаа дэлхийн аварга боллоо. Боннегийн Рашидовыг тэнгэр харуулсан өмсөх мэх Будапештийн ДАШТ-ний гол чимэг болох нь дамжиггүй.

Манай ОУХМ Бооёо буюу Т.Түвшинтулга хүрэл медаль хүртэж, дэлхийд данстай бөх гэдгээ харуулсан. Хүрлийн төлөө хоёр жилийн өмнө Лос-Анжелесийн Дэлхийн цомд гайхалтай мэхээр шидэж ялж байсан Гүржийн Бека Ломтадзег дахин бахтай сайхан ялсан билээ. Нөгөө хүрлийг АНУ-ын Жо Колон хүртэв.

74 кг:  “Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо нарын хэн нь аварга болох вэ гэсэн яриа гарч байсан хилсдэхгүй. Тэгвэл Оросын хошой аварга, 23 хүртэлх насны ЕАШТ-д түрүүлж, үзүүрлэж байсан даруухан амжилттай Хойд Осетийн 22 настай Заурбек Сидаков өнөөх хоёрыг чинь ээлж дараалан ялж, шигшээд амжилт хийгээд нас ойролцоо Гүржийн Автандил Кенчадзег 2:2-оор илүүрхэж дэлхийн аварга боллоо. Харин Барроуз, Чамизо нар хэн нь медальтай үлдэж, хэн нь хоосон буцах шийдвэрлэх барилдаанд Барроуз Чамизог 4:4-өөр ялж хоорондын барилдааны харьцааг 2:1 болголоо. Мөнгөн медаль хүртсэн Кенчадзе тааруухан өрсөлдөгчийг ялж шигшээд гарч ирээгүй. Энэ жингийн гол фаворитаар нэрлэгдэж байсан олимп, ДАШТ-ний хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Туркийн Демирташ, “Ташкент-2014” ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадам болон Азийн хошой аварга Узбекистаны Бекзод Абдурахманов гээд шилдгүүдийг “гол гаргасан”. Түрэг, чантуу эрчүүд медальтай үлдэх эсэх барилдаанд хоорондоо хүч үзэж Абдурахманов ДАШТ-ний хошой хүрэл медальтан болов. 

86 кг:  Энэ жинд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай олимп, дэлхийн аварга Ираны Хассан Яздани, түүнийг өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд нутаг нь цэвэр ялсан АНУ-ын Дэвид Тэйлор, 2017 оны Европын аварга ОХУ-ын Даурен Куруглиев нар нэг хэсэгт багтав. Америк эр эхний даваанд Язданиг 11:6-гаар, хагас шигшээд Куруглиевийг 7:5-аар ялснаар аваргалах замаа зассан. Тайлор нөгөө зооноос шигшээд шалгарах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч Туркийн Фатих Эрдинийг шигшээ барилдаанд оноогоор цэвэр ялж, энэ жинд Сэм авгын бөхчүүдээс Лес Гачесаас хойш 21 жилийн дараа дэлхийн аварга боллоо. Харин Яздани, Куруглиев нар хүрэл медалийн төлөө тулж иран эр 11:5-аар илүүрхсэн. Нөгөө хүрлийг буурал тивийн аваргад медаль хүртэж байгаагүй Испанийн Таймураз Фриев хүртсэн. 

125 кг:  Хамгийн хүнд жингийн дээд хэсэгт багтсан найман бөхийн оноолтыг харахад “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, АНУ-ын Ник Гвяздовски, манай Н.Золбоо нарын ялсан нь шигшээд шалгарах боломжтой дүр зураг харагдаж байв. Гэсэн ч “Жакарта-2018” Азийн наадмын дэд аварга БНХАУ-ын Ден Живэй америк эрийг 1/4 шигшээд 5:4-өөр ялж тааврыг орвонгоор эргүүлсэн. 

Доод хэсэгт “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Таха Акгуль, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Гено Петриашвили, олимп, ДАШТ-ний медальт Азербайжаны Жамалуддин Магомедов, Ибрагим Саидов, Азийн наадмын хошой аварга Ираны Парвиз Хади, сүүлийн хоёр жилийн Оросын аварга Анзор Хизриев гээд бараг бүх “томчууд” чихэлдэж хоёр нь медальтай үлдэж, үлдсэн нь хоосон нутаг буцлаа. Ялангуяа хүнд жингийн өнөө цагийн шилдэг бөх Турк “гулливер” Ахгуль шөвгийн наймд Ираны Хадид 3:4-өөр дийлдэж, өнөөх нь хагас шигшээд Петриашвилид ялагдснаар үзэгчдийн суудалд шилжсэн юм.

Гүржийн Петриашвили шигшээ барилдаанд Хятадын Живэйг 6:0-ээр ялж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга боллоо. Боломжоо тултал ашигласан нанхиад эр Хятадын эрэгтэй чөлөөт бөхийн түүхэнд ДАШТ-ээс медаль хүртсэн анхны бөх болов. Түүнд ялагдсан Сэм авгын Ник Гвяздовски өнгөрсөн жилийн амжилтаа ихэрлүүлсэн. Харин нөгөө хүрэл медалийн төлөө 86 кг-ын жингийн адил Орос, Иран эрчүүдийн дуэль болж Парвиз Хади ДАШТ-ээс анхны медалиа зүүв.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?