Бүх ард нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо тунхаглан баталгаажуулсны 73 жилийн ойн хүчит бөхийн барилдааныг “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо” санаачлан Үндэсний бөхийн холбоо, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ хамтран Спортын төв ордонд зохион байгууллаа. Хүчит бөхийн барилдаанд нийт 256 бөх барилдсанаас улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэлээ.
Энэ өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн шинэ арслан Б.Зоригтбаатар одтой барилдаж улсын начин Бо.Батжаргал, Д.Амрсайхан нарыг өвдөг шороодуулж уран барилдааны шагнал хүртжээ. Мөн Сэлэнгэ аймгийн арслан Б.Орхонбаяр аймгийн хурц Б.Эрдэнэхүүгээр гурав давж ирээдүйд сайн барилдахаа харуулсан юм.
Хүчит бөхийн барилдааны үеэр 1945 оны Бүх нийтийн санал асуулгад чухал үүрэг гүйцэтгэсэн маршал Х.Чойбалсаны зээ охин Ч.Хулан, зээнцэр охин Бишрэл, маршал Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзмаа, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндийн зээ Долгорсүрэн нарын хүмүүст “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм.
Мөн Архангай аймгийн Батцэнгэл сумын нутгийн зөвлөл, Архангай аймгийн “Бөхбиблэгт” дэвжээ, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын зүгээс Азербайжаны нийслэл Баку хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарт тус бүр хоёр өрөө байр гардуулж өгсөн юм.
О.ДАШ