12 СУВИЛАГЧ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛЛОО

2018-11-05  

Эрүүл мэндийн яам 10 дугаар сарын 13-нд “1:2” зорилтыг дэвшүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү зорилт нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ажиллах сувилагчийн тоог нэмэгдүүлж, 2020 гэхэд эмч, сувилагчийн харьцааг 1:2-т хүргэх зорилтын 50 хувьд хүрэхэд чиглэгдэж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас “1:2” зорилтыг эхлүүлснээ зарласан өнгөрсөн хагас сарын хугацаанд гадаад оронд ажиллаж байгаад ирсэн, хүүхэд асрах болон бусад хувийн ба ар гэрийн шалтгаанаар чөлөөтэй байсан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан зэрэг тодорхой шалтгаанаар урт, богино хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй 150 гаруй сувилагч Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хандаж “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” сургалт, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтыг дэмжиж дээрх сургалтуудыг хамтран зохион байгуулж байна.

“Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” эхний сургалтыг 10 дугаар сарын 29-нөөс 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулж, 42 сувилагч хамрагдсан бол “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” эхний сургалтыг 10 дугаар сарын 19-нөөс 11 дүгээр сарын 03-ны хооронд зохион байгуулж, 35 сувилагч суралцаад байна. Дээрх 2 сургалтад хамрагдсан 77 сувилагч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтаа амжилттай өгч дууслаа.

Эдгээр сувилагч нараас дутагдалтай орон тоог нөхөж, ажил авах хүсэлтээ эрүүл мэндийн байгуулагууд ирүүлж эхлээд байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 5-ны өдөр Архангай, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Амгалан амаржих газар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын II төв эмнэлэг зэрэг байгууллагууд нийт 12 сувилагчийг ажилд авсан байна. Түүнчлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна.

Дээрх 2 сургалтыг сар бүр зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” 2 дахь ээлжийн сургалтад нийт 76 сувилагч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 11 дүгээр сарын 12-ны өдөр эхлүүлэхээр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Сувилахуйн сургууль бэлтгэл хангаж байна.  Түүнчлэн орон нутагт эдгээр сургалтыг явуулах хэрэгцээг судалж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сувилахуйн сургуулиудыг түшиглэж явуулахаар төлөвлөж байгаа болно.

 

 

ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?