ШАТАР СОНИРХОГЧДЫН УАШТ 10-НД ЭХЭЛНЭ

2018-11-06  

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар энэ сарын 10-ны өдрөөс эхэлнэ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм. Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны арваннэгдүгээр сарын 10-11-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулах гэнэ.

Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг арванхоёрдугаар сарын 08-09-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг ирэх оны  нэгдүгээр сарын 05-06-нд Төрийн ордонд зохион байгуулах аж.

Өмнөх жилүүдэд тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог байсан. Энэ жилийн тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй гурав, эмэгтэй гурван шатарчинд дээрх цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.

Өнгөрсөн жилийн тэмцээнд 6830 гаруй шатарчин оролцсон аж. Өнөө жил энэхүү тэмцээнд БНСУ, ХБНГУ, Унгар, Шведийн Вант Улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд оролцох хүсэлтээ ирүүлжээ. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч “Энэ жилийн тэмцээнд оролцож байгаа шатарчдын чансаа өндөр болсон. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2100-аас дээш гараагүй сонирхогчид оролцох боломжтой” гэсэн  юм.

Сумын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй гурав, эмэгтэй нэг шатарчинг шалгаруулан Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд, дүүргийн тэмцээнээс эрэгтэй зургаа, эмэгтэй гурван шатарчинг тус тус шалгаруулан Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах эрх олгоно.

Аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй хоёр, эмэгтэй нэг шатарчинг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй 18, эмэгтэй есөн шатарчинг тус тус шалгаруулан 2019 оны шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцуулах эрх олгоно.

Хагас шигшээд шалгарсан шатарчид болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагуудаас урилгаар 30 хүртэлх шатарчин оролцож оюун ухаанаа сорих юм.

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?