Японы мэргэжлийн сүмо бөхийн арван нэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн найм дахь өдрийн барилдаан явагдлаа. Тэмцээнийг ёкозуна цолтнуудын эзгүйд комүсүби Такакэйшёо долоо даваа, нэг унаатай ганцаараа тэргүүлж байгаа юм. Тэрбээр өчигдрийн барилдаанд Миёогирюүгээр долоо дахь даваагаа авсан юм. Түүний араас озэки Такаясү тэргүүтэй дөрвөн бөх зургаан даваа, хоёр унаатай нэхэж явна. Харин озэки Гоэйдо тав, Точиношин дөрвөн даваатай байна.
Аваргуудаас ганц Кисэносато үлдсэн ч башёгийн эхний дөрвөн өдөр дараалан унаснаар цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс озэки цолтнуудад боломж гарч ирсэн ч одоогоор Такаясү тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Кюүшюү башёд Монгол бөхчүүд амжилт тааруу барилдаж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар найман барилдаанаас дөрвөн даваа авсан нь хамгийн өндөр амжилт бол Ичиножёо А.Ичинноров, Таканинова А.Баасандорж нар ердөө хоёр даваа авсан байна. Харин Араваши Э.Дөлгөөний хувьд байдал хүнд болсон бөгөөд тэрбээр найман барилдаанаас ганц л даваа авчээ. Түүний хувьд тавин хувийн амжилтаа үзүүлэхийн тулд үлдсэн долоон барилдаанд унах эрхгүй болж байна.