Хоёр удаагийн NBA-ын аварга Голдэн Стэйт Уорриорс багийн лидер Стефэн Көрри гэмтлийн улмаас сүүлийн тоглолтуудад оролцож чадахгүй байгаа.
Харин Алтанмужийн дайчдын ахлах дасгалжуулагч Стив Керр энэ ням гарагт Дэтройт Пистонс багтай хийх тоглолтод талбайд гарах боломжтой гэсэн байна.
Стефэн Көрри сүүлд Милоуки Бакс багийг талбайдаа хүлээн авсан тоглолтын үеэр цавиндаа гэмтэл аван талбайг чөлөөлсөн юм. Тухайн тоглолтод Уорриорс талбайдаа 23 онооны зөрүүтэй хожигдсон бөгөөд дараагийн 10 тоглолтод Голдэн Стэйт Уорриорс ердөө таван хожил байгуулаад байна.
Стефийг гэмтэлтэй байх хугацаанд баг нь 4 дараалж хожигдсоноос гадна Кэвин Дюрант болон Дрэймонд Грийн нарын хооронд үүссэн маргаан өнөөг хүртэл намжихгүй байгаа бөгөөд сэтгүүлчдийн гол бай болсон хэвээр байна.
Мөн Стив Керр хэлэхдээ: “Сүүлийн өдрүүдэд бэлтгэл дээрээ сайн байгаа. Шидэлтийн бэлтгэлээ хийж, хөдөлгөөн дээрээ ажиллаж байна. Талбайд гарах дөхөж байгаа нь сайн мэдээ. Хэрэв плэйоффын үе байсан бол зайлшгүй тоглох байсан. Харин 11 дүгээр сар учраас яарах шаардлагагүй” гэжээ.
Түүний хувьд энэ улиралд 29.5 оноо, 5.0 самбар, 6.1 оновчтой дамжуулалт, 51%-тай довтолж, 49.2%-тай холын шидэлтийн гүйцэтгэлтэй байгаа билээ.