Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.
Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцсон байна.
Улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир нарт олгосон “Хурц шаламгай” чимгийг хурааж, улсын баяр наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан юм.
Мөн шинээр улсын начин цол хүртсэн Ц.Бямба-Очирын улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хасчээ.
Эдгээр бөхөд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд нарыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсанд тооцож, улсын арслан Э.Оюунболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт “Өсөх идэр” чимэг олгохоор тогтсон байна.
Ц.Бямба-Очирт олгосон улсын начин цолыг хасах, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин шинээр цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.
Ийнхүү Баянхонгороос өнөө жил гурав дахь улсын цолтон төрөхөд ойрхон боллоо. Шинээр Н.Золбоо харцага, Д.Цэрэнтогтох начин цол хүртсэн билээ.
О.ДАШ