Хөдөө орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд тохь тухтай байранд байрлуулах, өвчнөө даван туулах итгэл найдвар өгөх тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдэд зориулсан байрыг “Хавдрын үндэсний зөвлөл” НҮТББ, хандивлагчдынхаа хамтаар бүтээн босголоо.
“Хавдрын үндэсний зөвлөл” НҮТББ нь 2014 оноос хойш хавдартай өвчтөнүүд, тэдгээрийг ар гэрт дэмжлэг үзүүлэх, хүн амд хавдрын эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх, эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус төрийн бус байгууллага юм.
Нэг дор нийт 30 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг түр байрлуулах “Дарь эхийн өргөө” нь гал тогоо, амралтын өрөө, урлагийн өрөө, өвчтөн болон асран хамгаалагч байрлах нийт 14 өрөөтэй юм байна.
“Хавдрын Үндэсний зөвлөл” НҮТББ нь 2017 оны 11-р сараас хойш 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн бэлэн, бэлэн бус нийт 130 сая орчим төгрөгийн хандивыг цуглуулж, манай улсад хамгийн анхдагч тусгай зориулалтын байрыг ийнхүү тохижуулжээ.
Ц.ТЭГШБУЯН