ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН БАРИЛДААНД МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ

2019-01-14  

Өчигдөр буюу 2019 оны 1 сарын 13-ны өдөр Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж өндөрлөлөө.

Улсын аварга Н.Батсуурь , улсын арслан П.Бүрэнтөгс,  Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар ахлуулсан хүчит 256 бөхийн барилдаанд  Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оргихын Хангай  найм даван түрүүлсэн юм. Увс аймгийн Ховд сумын харьяат улсын залуу аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэж Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Доржийн Анар нар их шөвөгт шалгарчээ. 

Барилдаан түрүү бөхөөр нэрлэгдэж байсан улсын арслан П.Бүрэнтөгс зургаагийн даваанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэрт өвдөг шороодсон бол Энхтөгсийн Оюунболд арслан зургаагийн даваанд Доржийн Анар начинг амлаж барилдаад өвдөглөжээ.

 

Монгол Улсын заан, олимпын аварга Найдангийн Түвшинбаяр энэ өдрийн барилдаанд зодоглосон нь олны анхаарлыг татаж байв. Тэрбээр Сэлэнгийн аймгийн заан С.Оргилбаатараар гурав даваад  Баян-Өлгийн аймгийн арслан М.Эркебуланыг давхар тохсон ч даалгүй дор нь орчихсон. Гавьяат багш Бүдээбазарын Адьяахүүгийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа базаадаг М.Эркебулан Өлгийгөөс тодрох дараагийн улсын цолтон гэдэг ээ энэ өдөр зарласан даа. Тэрбээр бөхийн барилдааны гурвын даваанд  аймгийн цэргийн цолтнуудын барилдаанд  түрүүлээд буй Булган-Эднэнийн Түмэндэмбэрлийг шилдэж зайлж гуд татаад давсан нь олон ч хүнийг улга алдуулсан. Өлгийн өөр нэг тодорч буй хүчтэн Б.Серик  барилдааны хоёрын даваанд Төв аймгийн харьяат аймгийн ахмад заан  М.Чүлтэнпунцагт өвдөг шороодож тааруухан наадсан. 

Улсын аварга Намсрайжавын Батсуурь дөрвийн даваанд Өвөрхангайн аймгийн арслан Батжаргалын Лхагвадоржтой барилдах явцдаа ард гарч цээжиндээ дээрээ гаргаад чулуудчихсан нь олон хүний ундууцлыг хүргэнэ лээ. Ганц нэг ундааны сав ч дэвжээрүү шидэх хүмүүс байсан.  Том бөхчүүдтэй гар зөрүүлээд ганц нэгхэн улирлын нүүр үзэж буй 20 настай залуу арслан шилэн хүзүүгээрээ тун ч эвгүй газардсан юм. Их спортоор хичээллэдэг тулдаа л гэмтэл бэртэлгүй өнгөрөх шиг харагдсан.    

Барилдааны тавын даваанд улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий Баянхонгорын Н.Золбоог улсын наадмын даагаа нэхэхээр амласан нь бөх сонирхогч олны цөсийг хөөргөнө лээ. Энэ хоёр хүчтэн Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын тавын даваанд тунаж барилдаж Золбоо илүүрхэж улсын цол хүртэж байсан юм. Харин өнөөдөр Бат-Өлзий нь барьц сонгож дайраад давна лээ. Харамсалтай нь давахдаа хөлөө бэртээх шиг болсон. Зургаагийн даваанд улсын аварга Н.Батсуурьтай барилдаагүй тахимаа өгсөн юм. Өнөө цагийн өнгийг тодорхойлж буй залуу харцага гам барьж бэлтгэлээ илааршуулаад сар шинийн барилдаанд эргэн ирэлтээ хүчтэйгээр хийх биз ээ. Сонирхуулахад нохой жилийн сар шинийн барилдаанд түрүүлж байсан билээ. Үүний хажуугаар Ховдын Хангай Архангайн Бадарч нарын барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг гойд ихээр татсан. Хазайхгүй байгаа Хангай сугадаад цөмөрсөн хөлд этээд суулгачихсан. 

 Зүүн хязгаараас тодорч буй Доржийн Анар начин өнөөдөр ч онцгой сайн барилдлаа. Бадамсамбуугийн Ганхуяг начингаар дөрөв даваанд Баян-Өлгийн Эркебулантай тунаж хүч үзсэн. Хутгаж дайрсан өрсөлдөгчийнхөө хүчийг нь дагуулж мушгиад дороо хийчихсэн. Удаах даваанд идэр арслан Энхтөгсийн Оюунболдын аманд очсон ч суурьтай барилдаж  тугны зүг хандана лээ. 

Жилийн өмнө допингийн асуудалд холбогдож барилдах эрхээ хасуулаад байсан Баттулгын Соронзонболд заан Шинэ үндсэн хуулийн барилдаанаа хүрэлцэн ирж зодоглосон нь олны талархлыг хүлээсэн. Уртай хийцтэй барилддаг Соронзон заан гурав даваад Завханы Пүрэвээгийн Өсөхбаатарт давхар хамуулж өвдөг шороодсон. 

Аймгийн цолтнуудаас Хэнтийн Дэлгэрхааны Даваасүрэнгийн Аззаяа, Завханы Пүрэвээгийн Өсхбаатар, Баян-Өлгийн М.Эркебулан  нар дөрөв давж тавын даваанд боссон.  Өнгөрсөн зун Хэнтий аймгийнхаа наадамд түрүүлсэн Д.Аззаяа энэ өдөр Баянхонгорын  улсын Дашдоржийн Цэрэнтогтох, Говь-Алтайн     улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ нарыг өвдөг шороодуулж улсын арслан Пүрэвдагвад тахим өгсөн. Тэрбээр Хэнтийн наадмын долоогийн даваанд  арсланг өвдөг шороодуулж байсан юм. 

Бөхийн барилдааны дүйз

Тавын даваа

1.         У.ав Н.Батсуурь- а.а П.Өсөхбаатар

2.         У.ар П.Бүрэнтөгс-у.н Ч.Хөхчирэнгэр

3.         У.ар Э.Оюунболд-у.з М.Өсөхбаяр

4.         У.ар Р.Пүрэвдагва-а.а Д.Аззаяа

5.         У.х Б.Бат-Өлзий-у.х Н.Золбоо

6.         У.х М.Бадарч-у.н Б.Даваа-Очир

7.         У.х О.Хангай-у.н Б.Амразаяа

8.         У.н Д.Анар-а.а М.Эркебулан

Зургаагийн даваа 

1.         У.ав Н.Батсуурь- у.х Б.Бат-Өлзий

2.         У.ар Э.Оюунболд- у.н Д.Анар

3.         У.ар Р.Пүрэвдагва-у.н Ч.Хөхчирэнгэр

4.         У.х М.Бадарч- у.х О.Хангай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:О.Хангайд баяр хүргэж,амжилт хүсье. жич:Олон удаа Монгол бөхийн нэрийг гутааж байгаа аврага гэх тэр Батсуурьд хариуц**** тооцох ёстой. 2019-01-14
монгол:Батсуурь гэгч адгууснаас дор ацийн аварга цолыг хурааж, барилдах эрхийг хасаач ээ. 2019-01-15
Зочин:Түрүүлсэн Харцага Хангайд амжилт хүсье. Арслан Оюунболд, Арслан Пүрэвдагва, Харцага Бадарч , Харцага Бат өлзий, начин Анар нартаа улам сайхан барилдаж түмэн олноо баярлуулаарай гэж хүсье. 2019-01-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?