Францын аварга Парис Сан Жермений гол довтлогч Неймар Страссбург багийн эсрэг тоглох үедээ хуучин гэмтлээ сэдрээсэн байна. ПСЖ-ийн босс Томас Тучел:-Неймар эмнэлэгт хүргэгдсэн. Бэртэл хүнд байх магадлалтай. Одоохондоо түүнтэй холбогдож ярьж чадаагүй байна. Гэхдээ нөгөө л бэртэл авсан хөл, нөгөө л гэмтэл шүү дээ. Эмчилгээнд дор хаяж сарын хугацаа шаардагдана. 2-р сард үргэлжлэх Аваргуудын Лигийн Манчестер Юнайтедтэй хийх эхний тоглолтыг Неймар өнжих магадлал өндөр гэж хэллээ.
Парис Сан Жермен баг Аваргуудын Лигийн хасагдах шатны эхний тоглолтоо Олд Траффорт цэнгэлдэх хүрээлэнд ирэх 2-р сарын 12- ны өдөр Неймаргүй хийх болж байх шиг байна. Хэдхэн сарын өмнө Манчестер Юнайтед, Порто багуудыг сугалахыг бүх баг хүсэж байсан. Учир нь тэднээс сул баг шалгарсан 16 дотор байгаагүй. Тэгвэл өнөөдөр байдал эргэж буй. Манчестер Юнайтед удирдлагаа сольсноос хойш дараалан 7 хожил авсан. Премьер Лигт ч байр сууриа ахиулж чадсан. Погба, Рашфорд нарын хослол ч тасралтгүй гоолдож, баг нь илт сэргэсэн. Тэгэхээр өнөөдрийн Оле Гуннарын удирдаж буй Манчестер Юнайтед бол Жозе Моуриногийн үеийнхээс тэс өөр баг болж хувирсан. Дээр нь Неймарын бэртэл гэмтэл нь Манчестер Юнайтед багийн боломжийг нэмэгдүүллээ.
Э.ОТГОО