Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод түүний нэрэмжит спортын ордонд эхэллээ.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж манай бөхчүүдээс нэг тамирчин алт, найман тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-Ний хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр, хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр тус тус ялснаар шигшээд шалгарав.
Мандахаа гавьяат маргааш алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга эзэн орны Магомедрасул Газимагомедовтой хүч үзнэ.
Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Г.Отгонбаатар, 70 кг-д Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Э.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Анударь, 55 кг-д “Женко” клубийн тамирчин спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдах юм.
Тэмцээн хоёр өдрийн форматаар болж байгаа бөгөөд медалийн төлөөх барилдаан маргааш болно.
О.ДАШ