Монголчуудын сонирхол татдаг мөсөн дээрх бүжиг буюу уран гулгалтын 2019 оны Европын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Беларусь улсын нийслэл Минск хотын “Minsk Arena” ордонд болсон Европын АШТ-ний эмэгтэй ганцаарчилсан төрөлд Оросын С.Самодурова түрүүлэв.
Харин эрэгтэй төрөлд Европын долоон удаагийн аварга, олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой алт, хошой хүрэл медальт Испанийн Х.Фернандес алтан медаль зүүв. Богино үзүүлбэрт 91.84 оноо авч гуравдугаарт байранд ороод байсан бөгөөд түүний гол өрсөлдөгч болох Оросын М.Коляда 100.49 оноотой тэргүүлж байсан.
Баасан гарагт чөлөөт үзүүлбэр явагдсан бөгөөд М.Коляда алдаа гаргаж оноо алдсан нь Х.Фернандест байр ахих боломжийг олгосон. Ингээд богино болон чөлөөт үзүүлбэрийн дараах байдлаар Х.Фернандес 271.59 оноотой тэргүүлж аваргын алтан медалиа хүртсэн бол Оросын А.Самарин мөнгө, Италийн М.Риццо хүрэл медалийн эзэн болсон байна. Харин М.Коляда ердөө V байранд орж медальгүй хоцорсон. Европын аваргын дараа Испани эр зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан.
Испанийн Х.Фернандес 27 настай бөгөөд долоон жил дараалан Европт дийлдэхгүй байна. Европын АШТ-ний түүхэнд Австрийн К.Шефер найм дараалан түрүүлсэн амжилтаар бүх цаг үеийн рекорд амжилтыг эзэмшдэг бол Испани залуу долоо болгоод зодог тайлж байна.
Европын аваргын бүжгийн хосын төрөлд олимпийн мөнгөн медальт Францын хос болох Г.Пападикас, Г.Сизерон нар түрүүлж алтан медаль хүртсэн бол Орос, Италийн хосууд мөнгө, хүрэл медаль хүртжээ.
О.ДАШ