Улирлын эхний хоёр тоглолтондоо хожигдоод байсан Увс аймгийн баг сүүлийн гурван тоглолтондоо дараалан хожсон сайн мэдээтэй байгаа. Тэгвэл тэд энэ удаад улиралд нэг ч хожигдоогүй гурав дараалан хожоод байсан Өмнөговь аймгийн эсрэг тоглосон юм. Тоглолтын эхний үед Өмнөговь аймгийн алсын зайн шидэлтүүд гайхалтай болж байснаар 26-19-өөр илүүрхсэн. Гэхдээ хоёрдугаар үед Увс Нуур багийн тоглолт сайн болсноор хоёр онооны давамгай болж чадсанаар эхний хагас өндөрлөсөн юм. Хоёрдугаар хагаст энэ тэнцүү өрсөлдөж явсаар эцсийн мөчид Увс аймаг 86-90 харьцаатай хожлоо. Тус тоглолтын турш Т.Билгүүн зогсоогдошгүй байж 39 оноог авч “Үндэсний лиг”ийн энэ улирлын хамгийн өндөр оноог авжээ. Харин хожсон Увс Нуур багаас Д.Дөлгөөнмөрөн 24 оноо, 9 самбараар баг тэргүүлж тоглолтын шилдэг боллоо.
БАГАНУУР БАГ ТЭРГҮҮН ЭГНЭЭНД БИЧИГДЭЖ ЭХЭЛЛЭЭ
MNBA Үндэсний лигт хожигдоогүй байсан Сэлэнгэ аймгийн залуус Багануур багийн эсрэг тоглолоо. Тоглолтын эхний үед хоёр тэнцүүхэн өрсөлдсөн ч хоёрдугаар үеэс Багануур дүүрэг илүүрхэж эхэлсэн. Улмаар тоглолтын турш илүү байснаар 76-67 харьцаатай Багануур баг хожиж Үндэсний лигийн “Дэд хэсэг”-ийн хүснэгтийг тэргүүлэгчдийн эгнээнд нэгдлээ. Тус тоглолтод Багануурын самбарын тоглогчид сайн байж Н.Ганбаатар 17 оноо, 10 самбар, Б.Баатарчулуун 13 оноо, 13 самбар, Ч.Ихбаяр 10 оноо, 10 самбар авснаас гадна багаараа 63 самбар авчээ. Харин эсрэг баг нь 34 удаа л самбараас бөмбөг авжээ. Багануур самбартаа илүүрхэж, хурдан довтолгоонд илүү ажиллаж чадсан нь тэдний хожлын гол шалтгаан байлаа. Ийнхүү улиралд Өмнөговь, Сэлэнгэ, Багануур багууд ердөө нэг, нэг хожигдолтой хүснэгтийн эхний байруудад бичигдэж байна. Багануур дүүрэг энэ улирлын сүүлийн тоглолтоо Өмнөговь аймгийн эсрэг хийх юм. Хэрвээ хожвол тэд хүснэгтийн тэргүүлж улирлыг дуусгана.