Хүснэгтийн хэдэд байгаагаа хараад байх нь тийм ч чухал биш. Улирал дуустал 11 тоглолт үлдсэн. Одоогоор 4-д жагсаж буйд тайвширч болохгүй. 4-р байраа хадгалж байж ирэх улиралд Аваргуудын Лигт хүчээ үзнэ. Энэ бол бидний хамгийн гол зорилго. Тоглолт бүртээ төвлөрөх учиртай. Бид өөрсдийн гол өрсөлдөгч болох Тоттенхем, Манчестер Юнайтед, Челсигийн тоглолтыг хянаж чадахгүй, нөлөөлж ч чадахгүй. Тиймээс урдах тоглолтондоо анхаарна. Харин тэдэнтэй учирсан тохиолдолд байраа урагшлуулах, хойшлуулахад нөлөөлж чадна. Энэ улиралд 4-т багтаж, ирэх жил Аваргуудын Лигт зодоглоно гэдэгт итгэж байна гэж Арсенал багийн дасгалжуулагч Унай Эмеру хэллээ.
Энэ хожлын дараа Арсенал дахиад 4-р байр луу шилжиж, Манчестер Юнайтедээс 1, Челсигээс 3 оноогоор илүү гарсан.
-Арсенал багийг шинэ шатанд гаргаж буй энэ эрхэм ирэх жил аваргуудтай гар зөрөхийг хүсэж байна. Хамгийн их эмоцитой дасгалжуулагч. Нүүрний хөдөлгөөн маш ихтэй тул фото зурагчид түүнийг салахгүй ажиглах дуртай.
Н.САЙНБИЛЭГ