АМТТАНД АГУУЛАГДДАГ БОДИСУУД АНХААРАЛ СУЛРАХ, ХЭТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЭМГЭГ ҮҮСГЭДЭГ

2019-05-30  

Хүүхдээ өдөрт хэрхэн хооллож, ямар амттан идэж байгааг эцэг, эхчүүд хянаж чаддаг болов уу. Тэртусмаа сургууль дээрээ халаасны мөнгөө юунд зарцуулдаг бол. Эдгээр асуулт энгийн юм шиг хэрнээ хүүхдийн эрүүл мэнд, цаашлаад хүмүүжил төлөвшилд сөргөөр байгаа гэх судалгаа гарчээ.

Мэргэжлийн байгууллагаас долоон дүүргийн 15 сургуулийн сурагчдын дунд судалгаа хийжээ. Сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч иддэг гэсэн байна. Үүнээс ундаа 66 хувь, пирожки 55.1 хувь, зайрмаг 48.4 хувь, чихэр 39.1 хувь авдаг буюу эдгээр нь харьцангуй хямд үнэтэй, шимт чанар муу гэдгийг мэргэжлийн байгууллагын судалгаанд дурдсан байв. Тухайлбал, хамгийн их давтамжтай хүнсээр пирошкийг долоон хоногийн 3-4 өдөр хэрэглэдэг гэжээ. Харин хүүхдүүдийн 70 хувь нь бүтээгдэхүүний шошгон дээрээс хадгалах хугацааг хардаг байна.
Гэтэл сурагчдын өдөр тутамдаа хэрэглэж байгаа хүнсний хими, нянгийн бохирдлыг авч үзвэл хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүний 20 дээжийн 15-д нь чихэр, ундаа, жүүсний 12 төрлийн будагч бодис байжээ. Бүр нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн хүнсний будагч бодис буюу Е102, E110, E122, E124, E129 зэрэг зарим улс оронд хүнсэнд хэрэглэхийг хориглосон, хязгаарласан будагч бодис байсныг анхааруулжээ. Хүүхдийн хамгийн их хэрэглэж багйаа чихэр, ундаа, жүүс болох амттанд агуулагдаж байгаа будагч бодисууд анхаарал төвлөрөлт сулрах, хэт хөдөлгөөнтэй байх эмгэг үүсгэдэгийг олон улсын судалгааны байгууллага тогтоосон байна. Хүнсний бүтээгдэхүүний хүчиллэг тодорхойлоход хэд хэдэн төрлийн ундаа, жүүсэнд хүчиллэгийн агууламж стандарт хэмжээнээс их байсан нь илэрсэн байна. Будагч бодистой бүтээгдэхүүнийг Норвеги, Швед, Герман, Англи, Япон, АНУ зэрэг орнуудад хэрэглэхийг хориглож, анхааруулга тавихаар хуульчилсан байна.

Харин сургуулийн ойр орчимд буй 35 дэлгүүрийн худалдагчаас судалгаа авахад өдөрт дунджаар өдөрт 30-100 хүүхэд үйлчлүүлдэг гэсэн байна. Харин дэлгүүрээс хамгийн олон давтамжтай авдаг хүнсний бүтээгдэхүүнд нарийн боов, шоколад, чихэр, түргэн хоолны бүх төрөл багтаж байна. Түүнчлэн ихэнх нь хийжүүлсэн ундаа, жүүс авдаг гэсэн байна. Тэгвэл Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалаар “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-ын гуравдугаар хавсралтанд хоол үйлчилгээнд хэрэглэхийг хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг.

Хоол үйлчилгээнд хэрэглэхийг хориглох хүнсний жагсаалт

1.Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн


2.Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн


3.Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)


4.Өндөг, хуурай өндөг, майонез


5.Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс


6.Бүх төрлийн хийжүүлсэн ундаа


7.Кофе


8.Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа)


9.Түргэн хоол (пицца, гамбургер, хотдог)


10.Төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор, дошида)


11.Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)


12.Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн


13.Дулааны боловсруулалтанд орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол, хүнсний бүтээгдэхүүн


14.Холбогдох хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, биологи (бактер буюу нян, хөгц мөөгөнцөр г.м) болон химийн бохирдол (ариутгагч бодис, шавьж  устгалын бодис г.м)-оор бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс


15.Технологийн горим мөрдөөгүй хийсэн (дулааны боловсруулалтанд дутуу оруулсан, боловсруулалтын хугацаа алдагдсан г.м) хоол хүнс


16.Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн


17.Дагалдах бичиг баримтгүй (шинжилгээний бичиг, гарал үүслийн бичиг) хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс


18.Хувь хүнээс (гар дээрээс) шууд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр хийсэн хоол хүнс


19.Хоол, хүнсний бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсон


20.Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтэн


21.Мах махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материалаар хийсэн сав, боодол ашигласан

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?