Уран гулгагчдын цалин маш бага. Олимпын аварга, Европ тивийн аварга, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Евгения Медведевагийн сарын цалин 700 ам.доллар буюу манайхаар бол ердөө л 2сая 100,000 төг. Үүгээр Москвад амьдарч, өмсөнө зүүнэ гэвэл үл бүтнэ. Монголын тамирчин байсан бол сар бүр 8 сая төгрөгийн цалинг насаараа авах байсан. Гэтэл Монголоос өөр оронд ийм сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэр байхгүй. Тиймээс уран гулгагчдын хувьд олимп, дэлхийн аваргын тэмцээний зай завсраар чөлөө завгүй " ажилладаг". Энэ бол "Мөсөн талбай дээрх шоу"-д оролцох. Ийм шоугаар Япон улс алдаршсан. Тиймээс Оросын Медведева, Загитайева зэрэг олимп, дэлхийн аваргууд бүгд Японы Шоу компанитай гэрээгээр ажилладаг. Гэхдээ тэд уран гулгалтын гайхамшгийг япон үзэгчдэд үзүүлдэг. Мэдээж өөр хоорондоо өрсөлдөхгүй нь энэ шоуны онцлог. Дээр нь хувцас загварын компаниуд уран гулгагчдыг жил жилээр нь гэрээлж, спонсорддог. Энэ удаа Медведева ягаан өнгийн өмсгөл өмсөж, Япончуудын дуртай " Сая сая улаан сарнай" дууны аянд үзүүлбэрээ үзүүлсэн байна.